Хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахыг ЕХ-нд уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2019-01-21 14:51:48

РОМ. /Anadolu/. Газар дундын тэнгист хоёр хийлдэг завь осолдсоны улмаас ойролцоогоор 170 орчим цагаач иргэн амиа алдсан байж болзошгүй үед Италийн Батлан хамгаалахын сайд Мария Элизабетта Трента хууль бус цагаачлалын асуудлыг зохицуулахыг Европын Холбоонд /ЕХ/ уриалав.


М.Трента “Твиттер” хуудсандаа нийтлэхдээ, тулгамдсан асуудлуудын нэг болоод буй хууль бус цагаачлалын асуудлыг ЕХ зүгээр хараад байж болохгүй хэмээгээд, “Газар дундын тэнгис нь бөөнөөр оршуулсан булш бус энх тайвны тэнгис байх ёстой” гэжээ. Завинууд Ливи болон Мароккогийн ойролцоо осолдсон байна.


НҮБ-ын Дүрвэгсдийн хороо дээрх хоёр ослын улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлээд, амиа алдсан хүмүүсийн тоо хараахан тодорхой болоогүй байна гэж мэдэгдсэн байна.


“Өнгөрсөн онд 2200 гаруй цагаач иргэн ЕХ-ны орнуудыг зорин Газар дундын тэнгисийг хөндлөн туулахыг оролдох үеэрээ амиа алдсан эсвэл сураггүй болсон” гэж Олон улсын цагаачлалын байгууллагын тайланд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ