Мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцох гэж буй мисс А.Дэлгэрцэцэгийг БСШУСЯ-наас “Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын элч”-ээр батламжилж, батламжийг өнөөдөр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гардууллаа.
Тэрбээр, “Эх хүн үр хүүхдийнхээ төлөө хамгийн их санаа зовниж, тэднийг хамгаалахын тулд тэмцэж чаддаг. Тийм хүчирхэг бас сайхан эмэгтэйн төлөөлөл олон улсын тэмцээнд оролцох гэж байгаад баяртай байна. Хүүхэд хамгааллын элч болон дуу хоолойгоо хүргэнэ гэдэг маш чухал. Олон нийтийн анхаарлыг хүүхэд хамгааллын асуудалд татах, уриалан манлайлах, бодит ажил өрнүүлэх, нөлөөлөхөд идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гээд амжилт хүсэв.
Мисс А.Дэлгэрцэцэг, “Олон улсын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээний нэг гол
онцлог нь хүмүүнлэгийн үйлийг чухалчилдаг. Тиймээс тэмцээнд явахаасаа өмнө болон ирснийхээ
дараа одонтой ээжүүдийг уриалахаас эхлээд нөлөөллийн олон ажил хийх
болно. Хүүхэд хамгааллын элч болно гэдэг том хариуцлага” гэв.
Нийгэмд эерэг
зөөлөн аргаар гоо сайхнаар дамжуулан хүмүүнлэгийн бодлогыг дэлгэрүүлэх, энх
тайван амар амгаланг тогтоох зорилгыг агуулдгаараа аливаа сайхан бүсгүйн
тэмцээн онцлогтой, өргөн цар хүрээтэй юм. “Алунгоо эх" ТББ, Монголын эмэгтэйчүүдийн "Хатан эрдэнэ" холбоо,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн
газар, "Алдарт эх цахим нэгдэл"-ээс хамтран одонтой эхчүүдийн дунд
“Mrs Mongolia World-2018-Гоо ээж” улсын анхдугаар уралдааныг 2018 онд зохион
байгуулсан. "Зөв гэр бүл, Зөв хүүхэд, Зөв нийгэм" уриан дор зөв
хандлага, зөв үлгэрлэлийг бий болгох зорилготой тус тэмцээний анхны ялагчаар
дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэг тодорч ирэх гуравдугаар сарын 6-17-нд БНХАУ-д
зохион байгуулах “Mrs International World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох
гэж байгаа юм.