Эрүүл, аюулгүй ажиллагааг эрхэмлэгч байгууллагууд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-01-22 16:25:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ, НДЕГ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр “Корпорэйт конвэйшн” төвд боллоо.

Үйлдвэрлэлийн орчин, аюулгүй ажлын байрны нөхцөлийг сайжруулан бүрдүүлж, ХАБЭА-г ханган ажилласан ААН, байгууллагуудыг том, дунд, жижиг гэсэн ангиллаар шалгаруулахад, том компаниудаас “Саусгоби сэндс” тэргүүн байрыг  эзэлж 2.5 сая төгрөгөөр, удаалаад “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Сүү” ХК шалгарч 2-1.5 сая төгрөгөөр тус тус шагнууллаа. Дунд ААН-үүдээс “Сэлэнгэ Энерго” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ОНӨААТҮГ) тэргүүлж 2 сая төгрөгөөр, Цус сэлбэлт, судлалын Үндэсний төв, “Жүр Үр” ХХК удаалсан бол, жижиг ААН-үүдээс “Глобал ацетилен”, “Монэнержи корпорац” ХХК-иуд тэргүүлж 1-1.5 сая төгрөгөөр шагнууллаа.


ХНХ-ын сайд С.Чинзориг шагналыг гардуулж хэлэхдээ, энэ онд ХНХЯ-наас Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг гарган ажиллаж буйг дуулгаад, 2019 онд ХАБЭА-н дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулж, суурь судалгааны ажлыг эхлүүлэн, техникийн зохицуулалт болон сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбар хороо, аймаг, нийслэл дүүргийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахаа амласан юм.


2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдсэнийг өмнөх оныхтой харьцуулахад 17 хувиар буурсан байна. Нийт бүртгэсэн ослоор нас барагсдын тоо 2017 оныхоос хойш 10 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд гарсан нийт ослын тоог 2017 оныхтой харьцуулахад уул уурхай, барилга, тээвэр болон агуулахын үйл ажиллагааны салбаруудад өсч, боловсрол, эрүүл мэндийн салбарт буурсан үзүүлэлттэй байгаа”-г тэмдэглэж байв.


Иймд үйлдвэрлэлийн ослын нөхцөл байдлыг дүгнэн, осол гаргахгүй байх, ажлын байрны нөхцөлийг бүрэн ханган ХАБЭА-н сургалт, сурталчилгаа, заавар, зөвлөгөөг сайжруулан чанаржуулахад ААН, байгууллага бүр онцгой анхааран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж байв.


Уралдааныг ямар шалгуураар явуулдаг талаар ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабатаас тодруулахад, “Хөдөлмөрийн сайдын 2013 онд гаргасан тушаалаар энэхүү болзолт уралдааныг 8 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн онцлог нь төр болон хувийн хэвшлийн 70 гаруй ААН, байгууллага оролцлоо. Энд ААН, байгууллагуудыг:

  • Ажилчныхаа эрүүл мэндэд анхаарч мэргэжлээс шалтгаалах өвчний үзлэгт бүрэн хамруулсан,
  • Ажлын байрны нөхцөл нь хэвийн, стандарт нормыг хангасан,
  • НДШ-ийг бүрэн төлж, татвар, НДШ-ийн өр төлбөргүй,
  • Тухайн жилдээ үйлдвэрийн осол гаргаагүй байх шалгуур тавьж шалгаруулдаг" хэмээлээ.

Тэрбээр энэхүү болзолт уралдааныг аймаг, орон нутагт өргөн дэлгэр зохион байгуулбал эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагууд улс орон даяар олон болно гэдгийг тэмдэглэж байв.

Уралдааны тэргүүн байр эзэлсэн “Саусгоби сэндс” ХХК-ийн хувьд хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны үнэлгээг нийт 120 ажилтан бүртээ хийж, бүх ажилчнаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажилчдыг ажилд гарахаас өмнө ажлын байрыг нь тогтмол хянан шалгаж  ХАБЭА-ыг ханган ажиллаж буй туршлагаасаа тус компанийн тэргүүн дэд захирал н.Ариунболд хуваалцав.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ