“Тэмээн поло”, атан тэмээний уралдаан, сайхан буур шалгаруулах тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-01-22 17:07:42

Дорноговь/МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас "тэмээн поло", "Атан тэмээний уралдаан", "Сайхан буур" шалгаруулах тэмцээнийг Зүүнбаян багт нэгдүгээр сарын 25-нд зохион байгуулахаар товлолоо.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд монголчуудын мал аж ахуйн соёлын нэг болсон тэмээн сүргийг хайрлан хамгаалах, адгуулан маллаж буй малчдын арга туршлагыг сурталчлах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тэмцээнд Дорноговийн бүх сумын малчид оролцоно.

Тэмээн унах хүний насны доод хязгаар 16 байх бөгөөд нэг ижил хувцсаар жигдэрч 10 км-ийн зайнаас уралдаахаар удирдамжид заажээ. Шалгарсан тэмээчдийг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Дорноговь аймгийн тэмээн сүргийн тоо жил бүр өссөөр өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээр 42.8 мянга болсон аж.

Дорноговиос тэмээн сүргээ өсгөн үржүүлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар  цол хүртсэн хүн бол Хатанбулаг сумын уугуул Мандах сумын “Социализмын зам” нэгдлийн тэмээчин Насангийн Хүрээт агсан юм. Харин Сайхандулаан сумаас 1969-2013 оны хооронд  улсын аварга, сайн малчин 12  төрсний ес  нь тэмээн сүргээр  улсын аваргын  болзол хангажээ.

Мөн тэмээн сүргийг өсгөн ашиг шимийг хүртэх, уналга эдэлгээнд сургахын зэрэгцээ спорт, аялал жуулчлалын чиглэлд ашиглаж, “Монгол тэмээн поло” спортын улсын аварга шалгаруулах тэмцээний  “Ижий говь “ алтан цомын хоёр удаагийн аварга баг тамирчид Сайхандулаан сумаас төрсөн байдаг.

Холбоотой мэдээ