Өнгөрсөн онд халдварт өвчний гаралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-25 14:40:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллээр өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд халдварт өвчний 407  тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 84 тохиолдлоор буурсан дүнтэй байна. 

Харин халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоог 10000 хүн амд ногдох байдлаар нь авч үзвэл 88.6 хувь болж, өмнөх оны дүнгээс 20.0 хувиар буурсан ажээ.

2018 оны жилийн эцсийн байдлаар 904 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 төрөлтөөр өссөн ба нийт 912 хүүхэд энх тунх төрж, эхийн эндэгдэлгүй байсан байна.  

2018 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 12, түүнээс нэг хүртэлх насны нялхсын эндэгдэл 7 бүртгэгдсэн нь өмнөх онд бүртгэгдсэн тохиолдолтой харьцуулахад бага зэрэг бууралттай байна.

Нас баралтын 264 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 33 тохиолдлоор өсчээ. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл хорт хавдрын нас баралт хамгийн өндөр (32.2 хувь) байгаа аж.  

Аймгийн хэмжээнд 177,034 үзлэг бүртгэгдсэнээс 31.4 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 44.9 хувийг амбулаторийн үзлэг, 16,2 хувийг идэвхтэй хяналт, 5.3  хувийг гэрийн үзлэг эзэлж байгаа бол 2.2 хувийг гэрийн дуудлага эзэлж байна.

Нийт үзлэгт хамрагдсан хүмүүсийн 36.3 хувь нь эрэгтэй, 63.7 хувь нь эмэгтэй байна.

Холбоотой мэдээ