Бизнестэй холбоотой хуулиудыг даруй хэлэлцэн батлахыг шаарджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-28 16:38:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын Удирдах зөвлөл, тэргүүлэгчдээс УИХ-ын гишүүд, Засгийн газар хандан мэдэгдэл гаргаж хүргүүлжээ.

Мэдэгдэлд, “Хувийн хэвшлийн эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр улам бүр өсч байна. Засгийн газраас МҮХАҮТ-тай хамтран зарладаг ТОП-100 ААН-үүд дангаараа  27 их наяд төгрөгийн баялгийг бүтээж байгаа буюу ДНБ-ийн 94 хувийг эзэлж байгаа бөгөөд үүний 80 гаруй нь хувийн хэвшлийн ААН байна. Тиймээс төр, засгаас хөрөнгө оруулалтын тааламжтай орчин, шударга өрсөлдөх нөхцөл боломжоор ханган, олон улсын өртгийн сүлжээнд нэгдэх, олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгоход нь бодлогоор дэмжиж өгөх нэн шаардлагатай байна.

УИХ-аас иргэн бүрт хүртээмжтэй өсөлтийг бий болгохын тулд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, бизнесийн орчныг сайжруулан ажиллахаа илэрхийлсэн. Мөн Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарлан, энэ хүрээнд ил тод байдал, иргэний оролцоотой шийдвэр гаргах гэсэн зорилт тавилаа. Ийнхүү бизнес эрхлэгчдийг дэмжих талаар ярьж байгаа ч хэрэг дээрээ улс төрийн маргаантай байдал үргэлжилсээр ямар ч хууль хэлэлцэн батлахгүй чуулган завсарлах болж байна. Эдийн засгийг сэргээх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн авах шаардлагатай байгаа энэ эмзэг үед улс төрийн намууд хооронд, намын доторх зөрчил тэмцэл нь төр, засгийн байр суурь хүчтэй ганхахад хүргэж байгааг олон нийтээрээ харж байна. Эцэстээ улс төрийн энэ зөрчил тэмцэл хувийн компаниудын эрхэнд халдаж, бизнесийн нэг хүрээллээс нөгөө рүү дайрах зэвсэг болгож, хувийн хөрөнгө оруулалтад хуулийн дагуу бус хүч түрсэн шийдвэр, үйлдэл гаргахад хүргэж байна. Тиймээс,

  • 2013-2016 онуудын эдийн засгийн хямралыг арай ядан давж, сэргэлт ажиглагдаж эхэлсэн энэ үед төр, засгаас авлига, аливаа хууль бус үйл ажиллагаатай тэмцэх ажлаа бизнесийн хөгжил, эдийн засгийн өсөлтөнд сөрөг үр дагаваргүй хийхэд онцгой анхаарах;
  • Улс төрийн сонгуулийн өмнөх төсвийн хөрөнгийн үр ашиггүй зарцуулалт, халамжийг хавтгайруулах бодлого, үйлдлээ зогсоох;
  • Төрийн өмчит компаниудыг улс төрчдөөс ангид байлгаж, хувьцаат компани болгох;
  • Төрийн нийтийн хамааралтай өмчийг ашиглан бизнесийн үйл ажиллагаа явуулах,
  • Засгийн газар, бизнесийн байгууллага ба иргэний харилцааг тодорхой болгох;
  • Төрийн нийтийн хамааралтай өмчид оруулж буй хөрөнгө оруулалт нь улс төрийн ба эрх зүйн талаасаа эрсдэлгүй байх нөхцөлийг бий болгох;
  • Төрийн сангуудын зарцуулалтад олон нийтийн хяналттай, зөв тогтолцоог бүрдүүлэх;
  • УИХ дээр гацаад байгаа бизнестэй холбоотой хуулиудыг хэлэлцэн батлах зэрэг олон ажил хүлээж байгааг УИХ, Засгийн газарт нийт бизнес эрхлэгчдээс анхааруулж байна.


Тодруулга: МҮХАҮТ-аас гаргасан мэдэгдэлд, 1991 онд “БНМАУ-ын өмч хувьчлах тухай хууль”-ийг батлан гаргаж хэрэгжсэний үр дүнд 1995 оны байдлаар 466 хувьцаат компани, 1297 бүрэн бус хариуцлагатай компани, 1907 хоршоо, 850 хувиараа эрхлэх аж ахуй бий болж байв. Тэгвэл 2018 оны байдлаар бүртгэлтэй ААН-ийн тоо 167 мянга болж, 1991 онтой харьцуулахад 37 дахин өсч, 1.2 сая гаруй иргэнийг ажлын байраар хангаж байна. Татварын орлого 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8.2 их наяд хүрсэн нь төлөвлөснөөс 29 хувь буюу 1.8 их наядаар давсан бөгөөд үүний дотор ААН-ийн орлогын албан татвар өмнөх оныхоос 32 хувиар нэмэгдсэн байна. 

 

Холбоотой мэдээ