Монгол-Беларусийн худалдаа өнгөрсөн оныхоос 22 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-29 14:24:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Беларусь улсын худалдааны эргэлт 16 сая ам.долларт хүрчээ. Энэ талаар тус улсын ХАҮТ-ын Эдийн засгийн гадаад харилцаа хариуцсан орлогч дарга Т.Я.Дубова өнөөдөр МҮХАҮТ-д болсон Монгол-Беларусийн бизнес уулзалт дээр онцлон тэмдэглэлээ.

Манай улсад айлчилж буй Беларусь улсын бизнесийн төлөөллийн бүрэлдэхүүнд “Минскхлебпром”, ХАА-н машин механизмын үйлдвэрлэлийн “Гомсельмаш”, эрчим хүчний үйлдвэрлэлийн “Сельэнергопром”, уул уурхайн угсралт, тоног төхөөрөмжийн “Трест Шахтоспецстрой”, олон улсын цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн ”HEAG” компанийн төлөөлөгч АЭС болон монголчуудын хуучны танил “МАЗ” болон “Белаз”-ын үйлдвэрийн удирдлага ирээд байна.


Мөн монголчуудын танил “МТЗ” тракторын үйлдвэрийнхэн ирсэн бөгөөд тэд манай улс дахь ХАА, газар тариалангийн салбарын техникийн шинэчлэлийн хүрээнд ХХААХҮЯ-тай хамтран ажиллах гэрээ байгуулахаар болжээ.



Уулзалтанд Монголоос БХБЯ, “Гацуурт”, Дулааны Цахилгаан станц-2, “Хасу Мегаватт” группийн төлөөлөл оролцож бизнес, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааны талаар Беларусь улсын ХАҮТ-ын Эдийн засгийн гадаад харилцаа хариуцсан орлогч дарга, хатагтай Т.Я.Дубовагаас тодруулбал, “Бид Монгол дахь худалдааны эргэлтээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой ирээд байна. Монголд Беларусийн машин механизмын томоохон үйлдвэрүүдийн төлөөлөл ажиллаж байгаа хамтын ажиллагааны бэлэн талбар бидэнд байна. Энэ удаа бид Монголд гурилын үйлдвэрийн элеватор нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурж байна. Мөн МҮХАҮТ-тай хамтран ажиллах гэрээг шинэчилж байна” гэв.

Манай улсад ажиллаж буй “Белаз” үйлдвэрийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Л.Я.Слободскийтай уулзвал, “Би танай оронд 12 дахь жилдээ ажиллаж, амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайн салбарт 100 гаруй самосвал автотехник, нийтдээ 14 сая ам.доллароор “Белаз” нийлүүлээд байна. Техникүүд маань найдвартай, энгийн, монголчууд сайн мэддэг, хэрэглэдэг болохоор Монголд ажиллахад бидэнд их амар байдаг. Энэ бүх байдал амжилттай ажиллахад нөлөөлдөг. Манай техникийг Монголд өмнийн говиос Сүхбаатар аймаг, Хөвсгөл хүртэл өргөн уудам нутаг дэвсгэрийн хаана ч харж болно. Бид одоо үйл ажиллагаагаа аймаг, орон нутагт засвар үйлчилгээний станцуудыг байгуулах замаар өргөжүүлж байна. Анхны ийм газрыг Тавантолгойн ордод ойрхон, Өмнөговь аймгийн Цогтцөций суманд нээсэн. Улаанбаатарт “Белаз”-ын засвар-үйлчилгээний төв ажиллаж байгаад хэрэглэгчид маань сэтгэл хангалуун байдаг. Өнөөдөр Монголд хаана манай техник байна, тэнд явуулын 6 оператор баг ажиллаж байгаа” гэв. Тэрбээр “Белаз”-ын үйлдвэр Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, энэ хүрээнд жил бүр 6 залууг Беларусьт техникийн коллежид сургаж байгааг дуулгасан юм. Уулзалтын талаар МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэлэхдээ, “Хоёр орны ХАҮТ-ын шугамаар өнөөдөр манай улсад Беларусийн уул уурхай, хүнс, ХАА, эрчим хүчний салбарын 11 компанийн 15 төлөөлөгч ирээд байна. Уулзалтаар тээврийн асуудал их хөндөгдлөө. Жишээ нь, Увс аймагт байгуулж буй махны үйлдвэрт Беларусаас техник, тоног төхөөрөмж нийлүүлэхэд ОХУ-тай хил залгаа боомтоор нэвтрүүлэхэд ойрхон атал, өнөөдрийн байдлаар заавал Улаанбаатараар дамждаг нь хүндрэлтэй байгааг ярилаа. Энэ тал дээр төрийн холбогдох байгууллагууд дэмжиж туслаач гэж Беларусийн талаас хүсэж байна.


Манай улс Евроазийн Эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахаар ярьж байна. Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд өмнөх жилийнхээс 22 хувиар нэмэгдсэн. Энэ нь Монголд шинэ зах зээл нээгдэж, шинэ бүтээгдэхүүн орж ирэх, нөгөө талаас манай бараа, бүтээгдэхүүнийг шинэ зах зээлд гаргах боломж нээгдэж байна. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор хоёр орны ХАҮТ хамтран ажиллах гэрээгээ шинэчилж байна” гэв.

Манай улс ОХУ, БНХАУ-ын дараагаар Беларусь улстай идэвхтэй тээвэрлэлт хийдэг. Хоёр улс жилдээ ачаа, зорчигч тээврийн 200 гаруй зөвшөөрлийн бичиг солилцож, 50 орчим хувийг ашигладаг байсан бол 2016 оноос тээвэрлэлтийн хэмжээ эрс нэмэгдэж, 2018 онд 625 зөвшөөрлийн бичиг солилцон идэвхтэй ажиллаж байна.


Бизнес уулзалтад Бүгд найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурной, ОХУ-ын ЭСЯ-ны Худалдааны төлөөлөгчид оролцлоо. Беларусь улсын бизнесийн төлөөлөгчид манай улсад хоёр өдөр айлчлах юм.

Б.Болд

Холбоотой мэдээ