Завханы 9000 хүүхэд амьдрах ур чадварт суурилсан хөтөлбөрт хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-30 19:28:12

Завхан/МОНЦАМЭ/.Улиастай сумын гурван сургууль дээр "Миний гэр бүл" хөгжлийн хөтөлбөрийн нээлт боллоо. Хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг гэр бүлийн орчинд дэмжих,  сурлага, хүмүүжил, спорт, урлаг, амьдрах ухааны чадварт сургахаар багш, эцэг эх, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын чиглүүлэгч багш нар хамтран ажиллах юм байна.

Энэхүү хөтөлбөрийн 2019 оны нээлт нэгдүгээр сарын 23-ны өдөр Улиастай сумын Дэвшил болон Бүрэн дунд III сургууль дээр нэгэн зэрэг болжээ. Харин II сургууль дээрх хөтөлбөрийн нээлт нэгдүгээр сарын 28-ны өдөр боллоо. Улиастай сумын хэмжээнд нийт 753 хүүхэд “Миний гэр бүл” хөтөлбөрт хамрагдах ажээ. “Амьдрах ур чадварт суурилсан-Хүүхэд хөгжлийн хөтөлбөр”-ийг 2018 онд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулан, амжилттай хэрэгжүүлсэн байна. Ийнхүү 2017-2018 оны хичээлийн жилийн сүүлийн хагас, 2018-2019 оны хичээлийн жилийн эхний хагаст хэрэгжих уг хөтөлбөрт 10-18 хүртэлх насны 9000 хүүхэд хамрагдаж байна. Тус хөгжлийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/-гийн дэмжлэгээр хэрэгжиж буй "Хүүхдэд ээлтэй орон нутаг" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа юм байна. Хүүхдийн сэтгэц, нийгмийн хөгжил буюу нийгэмшихүйн дадал, чадварыг дэмжсэн “Амьдрах ур чадварт суурилсан-Хүүхэд хөгжлийн хөтөлбөр” нь хүүхдэд ээлтэй засаглал, эрүүл мэнд, боловсрол, оролцоо, хамгааллын үйлчилгээг хангана. Түүгээр ч барахгүй залуу гэр бүлүүд, залуучуудыг эерэг, хариуцлагатай, бие даасан зан төлөвшил олж, нийгэм эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөд зохицох, бүтээлч, үр дүнтэй амьдрах чадвар эзэмшихэд нь туслах зорилготой юм хэмээн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ