Хилээр гарч буй автомашиныг бүртгэх мэдээллийн нэгдсэн сантай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-30 13:38:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хилийн боомтуудын шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох тогтоол баталсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.

Монгол Улсын уул уурхайн баялаг хилийн зургаан боомтоор дамжин экспортод гардаг байна. Эдгээр хилийн боомтын хяналтын тоног төхөөрөмж хангалтгүй, экспортод гарч буй бүтээгдэхүүнээс авч буй сорьц баталгаатай бус байжээ. Тиймээс дээрх зургаан боомтоор нэвтэрч буй автомашинуудыг бүртгэх, хянах мэдээллийн нэгдсэн сан байгуулах болжээ. Мөн автомашин бүрийн тээвэрлэж буй түүхий эдээс сорьцын шинжилгээ авахаар тогтоолд тусгасан гэдгийг Сангийн сайд хэллээ.

Тэрбээр, “Өмнө нь хилээр гарч буй бүх автомашинаас сорьцын шинжилгээ авдаггүй байсан. Үүний улмаас сайн чанарын нүүрсийг хилээр гаргахдаа чанаргүй түүхий эд гаргасан мэтээр материал бүрдүүлж, бага татвар төлөх тохиолдол ч бүртгэгддэг байлаа. Одооноос хилээр гарч буй тээврийн хэрэгсэл бүрээс сорьцын шинжилгээ авдаг болсноор дээрх зөрчил арилахаас гадна экспортод гаргаж буй баялгийнхаа татварыг бүрэн авах боломж бүрдэх юм. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг 2019 оны улсын төсөвт тусгасан. Мөн гадны зээл, тусламжаар хилийн боомтуудад шинэчлэл хийнэ” гэлээ.

Мөн тэрбээр Засгийн газрын хуралдаанаар Татварын Ерөнхий газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснийг дурдсан юм. Тодруулбал, арилжааны банкууд иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг барьцаалан зээл олгох гэрээг Татварын Ерөнхий газар байгуулсан байсан. НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэдийн худалдан авалтын мэдээллийг зөвхөн татварын алба, статистикийн байгууллага ашиглах эрхтэй. Гэтэл төрд байгаа иргэдийн нууц мэдээллийг арилжааны банкуудад өгөх гэрээ байгуулсан нь гэмт хэрэг юм. Тиймээс өнөөдөр ТЕГ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тун удахгүй түр орлон гүйцэтгэгчийг томилох болно” гэв.

2017 онд НӨАТ-ын 20 хувийн буцаан олголтоор 630 мянган иргэн 77.8 тэрбум төгрөг авч байжээ. Харин 2018 оны НӨАТ-ын буцаан олголтоор 808 мянган иргэн 120 тэрбум төгрөг авах аж. НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ өссөн нь Монгол Улсын эдийн засаг сэргэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тогтворжиж байгаатай холбоотой гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хэллээ.

НӨАТ-ын буцаан олголтыг маргааш буюу энэ сарын 31-нээс иргэдийн дансанд шилжүүлж, ирэх сарын 01-нд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ