Засгийн газар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжихийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-01-30 14:18:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2019 онд эх оронч худалдан хийж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих уриалга гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэв.

Тэрбээр, “Монгол Улс 2017 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 1.3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авчээ. Үүний ердөө 4 хувь буюу 47.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс авсан байна. Тиймээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг энэ онд өдөр тутмын ахуйн хэрэглээнээс эхлээд бүх худалдан авалтадаа дотоодын аж ахуйн нэгжүүдээс хийхийг уриалж байна” гэлээ.

Мөн үндэсний үйлдвэрлэгч нар иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чанартай, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг дурьдсан юм. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр бий болох, ядуурлыг бууруулах үр дүнтэй хэмээн Засгийн газар үзэж буй юм. Ерөнхий сайдын дэргэд “Аж үйлдвэрийн бодлогын зөвлөл” энэ сарын 23-нд хуралдаж, төрийн худалдан авалт, тендерт дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжих төлөвлөгөө боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг салбар бүрийн мэргэжлийн холбоодод хүргүүлсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдээр хэлэлцүүлэх ажил үргэлжилж байгаа юм. 

Холбоотой мэдээ