ОУСК Монгол Улсад суух шинэ суурин төлөөлөгчийг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-01-30 18:45:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн банк группийн гишүүн байгууллага Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-аас Монгол Улсад суух суурин төлөөлөгчөөр Руфат Алимардановыг томилоод байна.

Тэрээр энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ОУСК-ийн Монгол Улс дахь Хөрөнгө оруулалт, Зөвлөх үйлчилгээг удирдан ажиллаж байна.

Руфат Алимарданов 1997 онд АНУ-ын Вашингтон хот дахь ОУСК-ийн Төв оффисоос ажлын гараагаа эхлүүлж, хэд хэдэн бүс нутагт ОУСК-ийн үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүүгийн зах зээл зэрэг чиглэлийн төслүүд дээр ажилласан  туршлагатай, мэргэшсэн удирдах ажилтан аж. Тэрээр 2004 оноос ОУСК-ийн Зүүн Европ дахь бизнес хөгжлийн багийг бүрдүүлж, удирдахаар Москва хот руу шилжин ажиллаж, 2011 оноос Украин, Беларусийг хариуцсан даргын үүргийг Киев хотод гүйцэтгэх болсон юм. Энэхүү бүс нутагт ажиллах хугацаандаа тэрээр шинэчлэл, өмч хувьчлалын бодлогын хэрэгжилтийг дэмжихийн зэрэгцээ хөрөнгө оруулалтыг хөхиулэн дэмжих ажилд идэвхтэй оролцжээ. Монгол Улсад ирэхээс өмнө Европ, Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсийн чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэхээр Истанбул хотноо ажиллаж байв.

Түүний томилгоог танилцуулах үеэр Руфат Алимарданов хэлэхдээ “Монгол Улс байгалийн баялаг, хөгжлийн нөөц бололцоо ихтэйгээрээ алдартай. Эдийн засгийг илүү өрсөлдөх чадвартай, төрөлжсөн, тогтвортой болгоход ОУСК болон Дэлхийн банкнаас тус улсад тусалсаар ирсэн”-ээ онцлоод “Засгийн газар болон хувийн хэвшилтэй түншлэл байгуулж, Монгол Улсад шинэ зах зээл нээх, Монголын ард түмэнд нь шинэ боломж бий болгохын төлөө ажиллахыг эрмэлзэж байна” хэмээн тэмдэглэв. Руфат Алимарданов нь Азербайджан улсын иргэн бөгөөд АНУ-ын Техасын Христийн их сургууль, Остин дахь Техасын их сургуульд суралцсан, Бизнесийн удирдлагын магистр, Санхүүгийн мэргэшсэн шинжээч буюу CFA цолтой юм.


Тодруулга: 2017 оны 6-р сарын байдлаар ОУСК-иас Монгол Улсын уул уурхай, банк, бичил санхүү, зочид буудал, үйлчилгээний зэрэг гол салбаруудад оруулахаар амласан хөрөнгө оруулалтын хэмжээ 1.5 тэрбум орчим ам. доллар болоод байна. 

Холбоотой мэдээ