Булган аймаг 2019 оныг “Ахмадын хөгжлийг дэмжих жил” болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-01-30 23:45:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ахмад настнуудад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, тэдний хөдөлмөр эрхлэх сонирхол хэрэгцээ, нийгмийн оролцоог дэмжиж, төр, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагаагаар үр дүнтэй бүтээлч ажлуудыг зохион байгуулах зорилгоор 2019 оныг “Ахмадын хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа.

Тус аймгийн нийт хүн амын 12,9 хувийг ахмад настнууд эзэлж,  хүн амын дундаж наслалт 2000 оноос хойш тасралтгүй өсөж,  2018 оны  жилийн эцсийн байдлаар 73.3  болсон байна.

Хүн амын насжилт нэмэгдэхэд тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогын баталгаат байдлыг хангах, ээлтэй амьдрах орчин бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад олон асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээг харгалзан “Ахмадын хөгжлийг дэмжих жил”-ийн ажил зохион байгуулахаар болсон байна.

- Манай аймагт ганц бие, харж асрах хүнгүй, өрх толгойлон амьдарч байгаа ахмадууд, орон гэргүй, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой ахмадууд нэлээд олон байна. Эдгээр ахмад настнуудад зориулж жил бүр түлээ, нүүрс болон бусад шаардлагатай эд материалаар ханган “Сэтгэлийн дэм”, “Дулаахан сэтгэл” зэрэг арга хэмжээг зохион байгуулснаас өөрөөр тэдний амьжиргаанд нөлөөлөх дорвитой ажил хийгдэхгүй байна гэж аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн М.Батчимэг танилцууллаа.

“Ахмадын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулахад 99,6 сая төгрөг зарцуулахаар аймгийн ЗДТГ төлөвлөөд байна.

Жилийн ажлын нээлтийг сар шинийн баярыг тохиолдуулан ирэх баасан гарагт болох Булган сумын 400 ахмадад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ