АНУ-БНХАУ-ын худалдааны хэлэлцээ Бээжинд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-02-01 16:03:56

БЭЭЖИН. /TASS/. Хятад-Америкийн худалдаа-эдийн засгийн асуудлаарх хэлэлцээний гурав дахь шат хоёрдугаар сарын дундуур БНХАУ-ын нийслэл хотод болно. Энэ шатны худалдааны хэлэлцээнд АНУ-ын талаас төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар оролцоно гэж Синьхуа агентлаг мэдээлэв.


“Америкийн төлөөлөгчид Хятадын талтай зөвлөгөөнөө үргэлжлүүлэхээр хоёрдугаар сарын дундуур Бээжин хотод хүрэлцэн очно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэтэй Вашингтон хотод уулзахдаа мэдэгдснийг "Синьхуа" агентлаг уламжилжээ.


Цагаан ордны тэргүүний мэдэгдсэнээр, тэрбээр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй ойрын хугацаанд уулзана хэмээн найдаж байна. Трамп мөн түүхэн чухал ач холбогдол бүхий хоёр талын хэлэлцээ амжилттай болж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.


Бээжин болон Вашингтон худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хийж байгаа юм. Шууд хэлэлцээний эхний шат нэгдүгээр сарын 7-9-нд Хятадад болсон бол хоёр дахь шатны хэлэлцээг нэгдүгээр сарын 30-31-нд Вашингтон хотод хийсэн байна. Хэлэлцээний гол зорилго нь Хятад-Америкийн худалдааны тэнцвэргүй байдал, зах зээлд нэвтрэх хүндрэлүүд, оюуны өмчийг хамгаалах асуудал, шинэ технологийн экспортын хязгаарлалт зэрэг гол асуудлуудыг шийдэж, хоёр оронд харилцан зөвшөөрөгдсөн хамтран ажиллах хувилбарыг олох явдал юм.


Холбоотой мэдээ