Байнгын хороод Засгийн газрын гишүүдийг томилохыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайдаар Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцэж дэмлээ.
ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар өчигдөр буюу энэ сарын 01-нд
УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тиймээс түүнийг ЗХЭГ-ын даргын үүрэгт ажлаас нь
чөлөөлсөн бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлснийг
байнгын хоро 100 хувийн саналаар дэмжлээ.
Мөн Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, ЗТХ-ийн сайдаар Б.Энх-Амгалан
гишүүнийг томилох тогтоолыг дэмжлээ. ЗТХ-ийн сайд асан Я.Содбаатарын эхнэрийн
үүсгэн байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл авсантай холбогдуулан тэрбээр ёс зүйн
хариуцлага хүлээж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ өнгөрсөн оны
арванэгдүгээр сарын 30-нд Ерөнхий сайдад хүргүүлсэн. Уг саналыг Ерөнхий сайд
хүлээн авч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 04-нд өргөн мэдүүлсэн юм. Уг
асуудлыг энэ сарын 01-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж,
Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх
ЗТХ-ийн сайдад Б.Энх-Амгалан гишүүнийг нэр дэвшүүлсэн юм.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны
хуралдаанаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар томилох тогтоолыг
мөн дэмжсэн байна. Засгийн газрын тухай хуулийн “Засгийн газар танхимын
зарчмаар ажиллана”, “Засгийн газар, шийдвэр, мэдээлэл гаргах, албан ёсны байр
сууриа илэрхийлэхдээ Ерөнхий сайдын бодлогыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөн
хэмээн үзэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах саналыг Ерөнхий сайд
У.Хүрэлсүх өнгөрсөн оны 12 дугаар сарын 04-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг
асуудлыг өчигдөр буюу энэ сарын 01-нд болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар
баталсан тул Ё.Баатарбилэг гишүүнийг БСШУС-ын сайдаар томилох тогтоолыг өнөөдөр
өргөн мэдүүлсэн билээ.