Антибиотикаар тэжээсэн мал, амьтны гаралтай мах хоолонд хэрэглэхгүй байхыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-03-15 15:46:00

Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын ажлын алба, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ “Хэрэглэгчийн өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг нээж Шадар сайд Д.Оюунбаатар үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсын гурван сая иргэн бүгд хэрэглэгч. Анх хэрэглэгчийн хөдөлгөөн 1935 онд АНУ-д үүссэнээс хойш өнөөдөр дэлхий нийтийг хамарсан хамгийн том хөдөлгөөн болон өрнөж байна. Монгол Улсад 1990-ээд онд хэрэглэгчийн байгууллагыг бие даан байгуулж, өнөөдрийг хүртэл ард иргэд, хэрэглэгч олныхоо төлөө 25 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэглэгчийн хөдөлгөөн олон нийтийн төрийн дэмжлэгийг авч нийт ард түмний хүрээнд идэвхтэй ажиллаж байна.

2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан нь Монголын төрийн түүхэнд анх удаа хэрэглэгчийг дээдэлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангагдах үүд хаалгыг нээж өгч буй чухал арга хэмжээ боллоо” гэв.

Мөн энэ үеэр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр “Манай газраас аж ахуйн нэгжүүдийг торгож цагдахаас илүүтэй дэмжиж туслах, иргэд өөрсдийнхөө эрхийн талаар боловсролтой болох, аж ахуйн нэгжүүд иргэдийнхээ эрхийг, хууль эрх зүйн орчноо мэддэг болох чиглэлээр бодлого барьж ажиллаж байгаа. Энэ зорилгын хүрээнд өнөөдөр төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтарч иргэдээ дээдэлсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Өмнө нь олон арга хэмжээ зохиож байсан ч өнөөдөр шиг төрийн төвлөрсөн төв байгууллагуудын удирдлагууд нэгэн дээвэр дор цугларч, иргэддээ үйлчилсэн арга хэмжээ болж байгаагүй” гэлээ.

Өдөрлөгийн үеэр ШӨХТГ, МХЕГ, Стандартчилал хэмжил зүйн газар, ОБЕГ, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар, Гааль, татварын ерөнхий газар болон Эрчим хүчний зохицуулах хороо, Дулааны сүлжээ, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, иргэдийн хүссэн асуултад хариулт өгч байв. Мөн Мах импекс компани болон жижиг дунд үйдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж, өөрсдийн бүтээгдэхүүнээ худалдаалж байсан бол Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлээс иргэдийн артерын даралт, өндөр, жин зэргийг үзэж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч байлаа.    

Хэрэглэгчийн өдрийг 2012 оноос эхлэн “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын нөлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья”, “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатай тэмдэглэж байсан бол энэ жил “Антибиотикийг цэснээсээ хасья” уриан дор нэгдэж байгаа юм. Энэ хүрээнд Олон улсын хэрэглэгчийн байгуулагаас “McDonald’s”, “KFC”, “Subway” зэрэг дэлхийн сүлжээ ресторануудад хандан антибиотикаар тэжээсэн мал, амьтны гаралтай махыг хоолонд хэрэглэхийг зогсоох уриалга гаргав.

С.Сайнзаяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ