Төрийн албаны зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг сонгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-04 13:37:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаанаар тус зөвлөлийн даргаар Б.Баатарзоригийг сонгожээ.

УИХ-ын чуулганы энэ сарын 01-ны ээлжит хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гурван гишүүнийг томилсон юм. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг нэр дэвшүүлсэн. Мөн энэ оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд тус зөвлөлийн хоёр гишүүнийг төрийн албан хаагчдаас сонгон шалгаруулж, томилохоор заасан. Энэ хүрээнд “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс”-оос сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан Д.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам нарыг нэр дэвшүүлснийг УИХ дэмжсэн юм.

Ийнхүү бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн Төрийн албаны зөвлөл хуралдаж, нууц санал хураалтаар Б.Баатарзоригийг тус зөвлөлийн даргаар сонгосон байна. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, “Төрийн албаны зөвлөл  нь хараат бус, бие даасан байгууллага. Зөвлөлийн  үйл ажиллагаанд төрийн бүхий л шатны байгууллага, нам, олон нийтийн төлөөлөл, аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан хөндлөнгөөс оролцох ёсгүй. Энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албанд шинэ соёл, шинэ хандлагыг төлөвшүүлэхийн төлөө зөвд зөөлөн, бурууд хатуу ажиллана” хэмээв.

Ингээд та бүхэнд Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн намтрыг хүргэж байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН  ДАРГА Б.БААТАРЗОРИГ:

Балдангийн Баатарзориг нь багш мэргэжилтэй, боловсролын болон хууль зүйн магистр, Төрийн захиргааны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл  зэрэгтэй, төрийн албанд 30 дахь жилдээ  ажиллаж буй  төрийн жинхэнэ албан хаагч юм.  Тэрбээр ажлын гараагаа эгэл жирийн багшийн мэргэжлээр эхэлсэн бөгөөд аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга,  нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан төдийгүй 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажилласан билээ. Төрийн албаны зөвлөлийн  гишүүнээр ажилласан гурав дахь жилдээ тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдон томилогдож байна.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН  ГИШҮҮН С.ЦЭДЭНДАМБА:

Төрийн албанд 38 дахь жилдээ ажиллаж буй Самдангийн Цэдэндамба  философич, эрхзүйч мэргэжилтэй, доктор профессор цолтой. С.Цэдэндамба 2016 оноос өнөөг хүртэл Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож ажиллаж байгаа бөгөөд ШУА-ийн философи, социологи, эрхийн хүрээлэн, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академи, УИХ-ын дэргэдэх Судалгааны төв, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажиллаж байсан туршлагатай.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН  ГИШҮҮН  Д.ЗҮМБЭРЭЛЛХАМ:

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн шинжлэх ухааны доктор, Төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл.  Өмнөговь аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол  Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байв.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН  ГИШҮҮН Б.ИДЭРЧУЛУУН:

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож  байна.  

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН  ГИШҮҮН Б.БААТАРСАЙХАН:

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Должингийн Баатарсайхан нь  Соёл судлаач, Соёлын ажилтан, Төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн,  Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга, ЗГХЭГ-ын Боловсон хүчний хэлтэст  шинжээчийн алба хашиж байсан. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад  тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаа юм. 

Холбоотой мэдээ