Улаанбурхан өвчний дэгдэлт буурах хандлагатай байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-03-15 17:01:51

Томуу, томуу төст өвчин болоод улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой  асуудлаар өнөөдөр нийслэл, дүүргийн эрүүл төвийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож ярилцлаа.

2015 оны гуравдугаар сараас улаанбурханы дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн  байна. Өнөөдрийн байдлаар 9383 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Энэхүү өвчнөөр  эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна.  Учир нь  0-8 сартай  хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь  9 сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой. Нас баралтын түвшин 0.02 хувь байгаа бол,  өвчлөлийн насны хувьд 47 хувийг  15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай  буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байгаа аж.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Улаанбурханы өвчлөл  оргил үедээ  байгаа ч цаашдаа буурах хандлагатай байна.   ХӨСҮТ-ийн ачаалал их,  бүх ороо хүүхдийн оронд шилжүүлэн ажиллаж байна. Дэгдэлт гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар, улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөө, зөвлөмжийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.  Ер нь 19-30 настай залуучуудын дунд дэгдэлт их байгаа.  Тиймээс нэмэлтээр вакцинжуулалт дархлаажуулалтыг  хийхээр төлөвлөж  Засгийн газрын хуралдаанаар  асуудал оруулах болсноо хэллээ.  Тэрбээр иргэн бүр өөрийнхөө, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө  эрүүл мэндээ анхаарах цаг  болсон. Улаанбурхан өвчин зөрөөд өнгөрөхөд л халдварлах боломжтой, халдварлалтын түвшин 99 хувьтай хамгийн их халдвартай өвчин. Тиймээс нэрвэгдэхгүй байх нөхцөл бол өөрөө өөрийгөө өвчнөөс хамгаалах явдал юм гэв. 

Дашрамд мэдээлэхэд, одоогийн байдлаар дэлхийн 110 гаруй улсад улаанбурхан өвчин гарчээ. Ялангуяа манай улстай хөрш зэргэлдээ БНХАУ-д өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд нийт 1366, ОХУ-д 100 орчим тохиолдол  бүртгэгдсэнээс гадна Австрали, Камбож, Малайз, Филиппин, Вьетнам зэрэг Азийн орноос гадна Европын Их Британи, Голланд, Украин зэрэг улсад бүртгэгдсээр байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ