Ливи улсад 10 дугаар сард сонгууль явуулахыг уриалав

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-02-12 12:49:53

АДДИС-АБЕБА. /RIA Novosti/. Ливи улсад 2019 оны хоёрдугаар хагаст бүх нийтийн сонгууль явуулж, үндэсний эвлэрлийн асуудлаар бага хурал зохион байгуулахыг Африкийн холбоо уриалжээ. Энэ тухай Этиоп улсын нийслэл Аддис-Абебе хотноо зохион байгуулсан тус холбооны дээд хэмжээний уулзалтын дараа нийтэлсэн албан ёсны мэдээнд дурдсан байна.


Баримт бичигт дурдсанаар, Ливи улсад 2019 оны долдугаар сарын эхний хагаст үндэсний эвлэрлийн асуудлаар бага хурал зохион байгуулахын тулд Африкийн холбоо “зайлшгүй шаардлагатай арга хэмжээг НҮБ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна”. “Түүнчлэн НҮБ болон Ливийн Засгийн газартай хамтран ерөнхийлөгчийн болон хууль тогтоох байгууллагын сонгуулийг 2019 оны 10 дугаар сард зохион байгуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авах хэрэгтэй” гэж албан ёсны мэдээлэлд дурдсан байна. Ливид бүх нийтийн сонгуулийг 2019 оны хавар зохион байгуулах саналыг өмнө нь НҮБ тавьж байжээ.


Африкийн холбооны гишүүн орнуудын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт ням гарагт Этиопын нийслэл хотод эхэлсэн байна. 32 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаар дүрвэгсэд болон дотооддоо шилжин суурьшигчдын асуудал зэрэг Африк тивд тулгамдаад буй хамгийн хурц асуудлуудыг хэлэлцжээ.


Африк тивийн 55 улсыг эгнээндээ нэгтгэдэг тус холбоог 1963 оны тавдугаар сард байгуулсан байна. Тухайн үед тус холбоог Африкийн эв нэгдлийн байгууллага гэж нэрлэдэг байв. Европын холбооны загвараар байгуулсан бүс нутгийн засгийн газар хоорондын энэ байгууллагын нэрийг 2001 онд өөрчилжээ.


Холбоотой мэдээ