Сэлэнгэ аймагт гахайн мялзан өвчин илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-02-13 15:13:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Африкийн гахайн мялзан өвчний шинж тэмдэг энэ сарын 12-нд илэрсэн тул ард иргэд, аж ахуй нэгж, айл өрхүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Африкийн гахайн мялзан өвчин нь Африк тивийн Кени улсад анх 1927 онд бүртгэгдсэн бөгөөд одоогоор Европ, Ази, Африкийн 43 оронд бүртгэгдээд байна. Уг өвчнөөр зөвхөн зэрлэг болон гэрийн тэжээвэр гахай өвчлөх бөгөөд хүн болон бусад амьтанд халдахгүй. Өвчний вирус нь харьцангуй тэсвэртэй, бүтэн сарын хугацаанд хөлдөөсөн цус, тасалгааны хэмд байгаа цусанд халдварлах эрсдэлтэй. Мөн удаан хугацааны туршид гахайн түүхий мах, махан бүтээгдэхүүнд хадгалагдах аюултай. Одоогоор энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцин, эмчлэх арга зүйг эцэслэн тодорхойлоогүй байна.

Иймд дараах зөвлөмжийг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газар анхаарууллаа.

- Гарал үүсэл нь тодорхой бус амьд гахайг бусад гахайн сүрэгтэй нийлүүлэхгүй байх,

- Хэрэв гахайн сүрэг шалтгаан тодорхойгүйгээр үхсэн бол мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

- Иргэд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон бүс, нутаг дэвсгэрт зорчихгүй байх,

- Гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, халдваргүйтгэл тогтмол хийх; (хүчил, шүлт, хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисуудаас хэрэглэх)

 -Тэжээвэр гахайг хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурин газраар бэлчээхгүй байх;

- Гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцсаны дараа хувийн ариун цэврийг сайтар сахих /гараа тогтмол савантай усаар угааж/ санитолын уусмалаар ариутгаж, амны хөндийг 2 хувийн давсны болон сод, залгиурыг 0.7 хувийн тамедины уусмал, 1:5000 фурациллины уусмалын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн хоолойгоо зайлах;

-Өвчний голомтод бүртгэдсэн өрхийн гишүүд хязгаарлалтын болон хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд гадагшаа зорчихдоо ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх,

-Үхсэн гахайг зориулалтын цэгт булшлах

-Гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, байнга халдваргүйжүүлж анхааруулж байна. 

Холбоотой мэдээ