Гэр бүл, хүүхэддээ зарцуулах цагийг ажилтандаа олгож байхыг зөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-18 16:25:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 11 удаа хуралдсан байна. Хуралдаанаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 3, дагасан 2 хууль баталж, 5 харьяа байгууллагын тайлан, мэдээлэл, 5 хяналт шалгалтын ажлын тайланг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Тухайлбал, “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг өрнүүлж, холбогдох албаныханд зөвлөмж хүргүүлжээ. Зөвлөмжид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд иргэнийг илүү цагаар ажиллуулахгүй байх нөхцөл боломжоор хангах, тэдэнд гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цаг олгодог байх, хүүхдийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны болон гэр хороолол эрсдлийн үнэлгээ хийхийг тусгажээ. Мөн зөвлөмжийн хэрэгжилтийг улирал тутамд тус байнгын хороонд тайлагнаж байхыг ХНХЯ, НЗДТГ, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагт үүрэг болголоо.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэлийн тухай БСШУС-ын сайд, ХНХ-ын сайд, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, Засгийн газарт чиглэл хүргүүлсэн байна. Мөн байнгын хорооны 2018.12.18-ны өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсож, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай байнгын хорооны 24 дүгээр тогтоолыг баталсан байна.

Холбоотой мэдээ