Хятадын хууль тогтоох дээд байгууллагын чуулган дууслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-16 13:27:47

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ 12 дахь удаагийн сонгуулийн дөрөвдүгээр чуулган нийслэл хотын төвд оршдог Ардын их хурлын ордонд төрийн дуулал эгшиглэснээр дууслаа.

Чуулганы хаалтын ёслолын явцад төлөөлөгчид 2016-2020 онд хэрэгжүүлэх 13 дугаар таван жилийн төлөвлөгөө, 2016 оны нийгэм-эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө, төв болон орон нутгийн засаг захиргааны энэ оны төсвийн төсөл болон буяны ажиллагааны тухай хуулийг баталжээ. Хууль тогтоогчид мөн Хятадын Төрийн зөвлөл болон БХАТИХ-ын Байнгын хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын газрын ажлын талаарх тайлангуудыг баталсан байна.

Хятадын Засгийн газрын 13 дугаар таван жилийн төлөвлөгөөнд Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ жилийн дундаж өсөлтийг 6.5 хувиас доошгүй байна гэж урьдчилан таамаглаж байна. Үүнээс харахад шинэ таван жилийн эцэс гэхэд тус улсын ДНБ ойролцоогоор 90 их наяд юаньд /13.8 их наяд доллар/ хүрнэ.

Тус улсын эдийн засгийн өсөлтийн хурдац удааширч байгаатай холбоотойгоор цэргийн төсөв нь 2016 онд өмнөх жилийнхтэй харьцуулахад 954 тэрбум юань /146 тэрбум орчим доллар/ болох бөгөөд энэ нь сүүлийн зургаан жил дэх хамгийн доод үзүүлэлт юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ