Ламын гэгээний 380 жилийн ойг 380 бүтээлч ажлаар угтана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-02-19 15:30:42

Баянхонгор /МОНЦАМЭ/ Монголын шашны гурван зулын нэг, оточ маарамбын оройн дээд чимэг Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жил, түүний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх даншиг наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр анхны хурлаа хийлээ.

Аймгийн ИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаанаар тус ойг хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан. Энэ хүрээнд баяр наадмыг зохион байгуулах комиссын даргаар аймгийн Засаг дарга Г.Батжаргал, нарийн бичгийн даргааар ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн нар томилогдсон юм. Тус комисс дотроо ажил үүргийн тус бүрийн чиглэл бүхий 13 ажлын хэсэгтэй байгуулагдаж байна.

Ламын гэгээний 380 жилийн ойг ирэх долдугаар сарын 26-28-нд тэмдэглэх тухай саналаа Монгол Улсын Засгийн газарт хүргээлээд байгаа ба эл түүхт ойгоо Баянхонгорчууд 380 бүтээлч ажил өрнүүлж угтахаар товложээ.

Баяр наадмын хүрээнд 256 бөхийн үндэсний бөхийн барилдаан, сурын харвааг нээлттэй явуулах бол шагайн харвааг их тойром хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн ойн хүрээнд амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлогтой 380 өрх айл руу чиглэсэн зорилтот томоохон арга хэмжээг зохион байгуулахаар ажлын хэсгүүд санал нэгдэв.

Ирэх 26-ны өдөр ойг зохион байгуулах комисс өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр дахин хуралдаж, ойн хүрээнд зохион байгуулах ажил арга хэмжээ нэг бүрийг нарийвчлан төлөвлөж батлах аж.

Холбоотой мэдээ