Иргэний боловсролын хичээлээр хүүхдийг төлөвшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-03-16 14:20:37

ЕБС-ийн түүх, нийгмийн ухаан, иргэний боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн хөтөлбөр боловсруулалтын талаар БСШУ-ы сайдын тушаалаар баталгаажуулсан баг өнөөдөр мэдээлэл хийлээ.

Багийн бүрэлдэхүүнд МУБИС, МУИС-ийн багш нар, Боловсролын хүрээлэн, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, ЕБС-ийн нийгмийн ухааны багш нар болон  БҮТ,  Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын төлөөлөл тус тус орсон байна.

Боловсролын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Туяа “Нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрт хүүхдийн сурах арга барилыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан. Түүнчлэн нийгмийн ухааны боловсролын дараагийн чухал онцлог нь тухайн нийгэмдээ хэрэгтэй байгаа үнэт зүйлсийг хүүхдүүдэд төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг” гэв.

БЗД-ийн 14 дүгээр сургуулийн бага ангийн багш Б.Ганцэцэг “Түүх, нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн зорилгыг “сурагч нь түүх, нийгмийн үйл явдал, үзэгдлийг танин мэдэх арга барилтай, үндэсний бахархал, соёл, уламжлалаа дээдлэн өвлөж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг хүндэтгэдэг иргэн болж төлөвшүүлнэ” гэж тодорхойлсон байдаг.

Иргэний боловсролын хичээлээр багш нар сурагчидтайгаа илүү ойр дотно байж, тэднийг сонсож чаддаг. Мөн хүүхдүүд ярих чадварт суралцаж, өөрийгөө нээх боломж бүрддэг.

Өмнө хүүхдийн төлөвшилд анхаарлаа бага хандуулдаг байсан бол энэ хичээлээр хүүхдийг төлөвшүүлж тэдэнд мэдлэголгож байна. Иргэний боловсролын хичээлийн ном багш, эцэг эх, сурагчдад ойлгомжтой байдаг ” гэсэн юм.

С.Сайнзаяа

 

 

Холбоотой мэдээ