Нарийн ширхэглэгт тоосонцорыг хянах гар утасны хавсралт танилцуулжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2019-02-19 14:27:25

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын харилцаа холбооны тэргүүлэгч “KT” компани агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцорын тухай нарийвчилсан мэдээлэл өгөх зорилгоор агаарын чанарыг хянах гар утасны хавсралтыг олон нийтэд танилцуулав.


Air Map Korea” хэмээх шинэ хавсралт нь нарийн ширхэглэгт тоосонцорын түвшин тухайн цагт ямар хэмжээнд байгааг үзүүлэх ажээ. БНСУ-д агаарын чанар өдөр ирэх тутам муудах болсонтой холбоотойгоор олон нийтийн шүүмжлэл газар авах болсон энэ үед уг хавсралт нь маш хэрэгцээтэй мэдээллийг иргэдэд хүргэх аж.


"KT” компани орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран агаарын чанарыг шинжилдэг 2000 орчим төвөөс нарийн ширхэглэгт тоосонцорын мэдээллийг цуглуулжээ. Цаашид дээрхтэй ижил 500 төвийг байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.


Азийн дөрөв дэх том эдийн засаг хэмээн нэрлэгдэх болсон тус улсад сүүлийн хэдэн жилийн хугацаанд нарийн ширхэглэгт тоосонцор нь тулгамдсан асуудлуудын нэг болсон билээ. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газраас иргэдийг гадуур гарахдаа амны хаалт хэрэглэхийг уриалж, бага насны хүүхдүүд болон настай хүмүүсийг чухал шаардлагагүй тохиолдолд гэртээ байхыг зөвлөх болжээ.


Нарийн ширхэгт тоосонцорын ширхэгүүд нь уушгинд гүнзгий нэвтрэн ордог бол түүнээс жижиг ширхэгүүд нь шууд цусанд шимэгдэж, эрүүл мэндэд маш ноцтой аюул учруулдаг байна. 

Холбоотой мэдээ