2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-02-20 09:19:54

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хүүхдийн зөвлөл энэ оны анхдугаар хуралдаанаа өчигдөр хийж, 2019 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлалаа. Жилийн ажлын хүрээнд ажлын төлөвлөгөөг аймгийн ГБХЗХГ-аас гарган ажиллах юм.


Энэ удаад хурал 94,1 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд аймгийн Хүүхдийн зөвлөл, түүний ажлын албаны хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр 2018 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан мэдээг сонсох, зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, аймгийн хүүхдийн асуудлаарх үүрэг хүлээгчдийн анхдугаар зөвлөлгөөний товыг тогтоох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.


Хүүхдийн төлөө зөвлөлын анхдугаар хуралдаанаар 2019 оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, аймгийн хүүхдийн асуудлаарх үүрэг хүлээгчдийн анхдугаар зөвлөлгөөнийг 2019 оны 02-р сарын 27-нд зохион байгуулахаар товлосон юм.


Хүүхдийн зөвлөл, түүний ажлын алба 2018 онд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр “Хүүхдийн хөгжлийн төлөө хамтдаа оролцъё, суралцъя, хөгжье”, Хангайн бүсийн хүүхдийн 4-р чуулган гэх мэт 16 үйл ажиллагааг зохион байгуулж, 15450 хүүхдэд буюу нийт хүүхдийн 46,1 хувьд нь хүрч ажиллажээ. Энэ нь ГБХЗХГ-ын нийт хүүхдийн 40 хувьд хүрч ажиллана гэсэн зорилт давж биелж байгааг онцолж байлаа. Мөн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ болох өмгөөлөл, үрчлэлт, хууль, эрхзүйн зөвлөгөө, нөхцөл байдлын үнэлгээ гэх зэрэг ажлуудад нийт 7,5 сая төгрөгийг зарцуулжээ.


2019 онд хүүхдийн зөвлөл нь гурван бүлэг бүхий 37 арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд бусад зөвлөлийн гишүүн хэлтэс, агентлагууд дээрх арга хэмжээний хүрээнд төлөвлөгөө гарган ажиллах юм байна.

Холбоотой мэдээ