“Токио-2020” олимпод бэлтгэх үндэсний хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-02-20 12:24:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, дэд сайд Г.Ганбаяр нар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт спортын салбарынхан болон холбооны удирдлагатай уулзлаа.

Уулзалтад оролцогчид салбарын сайд өнгөрсөн оны нэгдүгээр сард Нийгмийн бодлого, боловсрол, соёл, спортын байнгын хорооны даргын хувиар энэ салбарынхантай уулзаж, тухайн үед тавьж байсан олон асуудал нааштай шийдэгдсэнийг дурдав.

Энэ удаагийн уулзалтаар “Токио-2020” олимпийн бэлтгэл ажлын хүрээнд тулгамдсан болон бусад нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар салбарынхны саналыг сонслоо.

Багийн жүдо бөхийн төрөл энэхүү олимпод анх удаа нэмэгдэж байгаа. Тиймээс Үндэсний шигшээ багийн болон массажчины орон тоо, бэлтгэл хийх өөрийн нэгдсэн баазтай болох, тамирчдын эрүүл мэнд дархлаажуулах асуудлыг салбарынхан хөндөж байв.

Уулзалтын төгсгөлд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, “Олимпод бэлтгэх үндэсний хороог ойрын үед хуралдуулах нь зүйтэй. Энэ хуралд төсөв мөнгө, орон тоо, эм бэлдмэлийн асуудлыг тооцоотой, гарц шийдэлтэй оруулахыг ажил хариуцсан хүмүүст үүрэг болголоо. Төсвийн мөнгийг жижиг тэмцээн уралдаан зохион байгуулаад дуусах биш харин үлдэцтэй, нэн шаардлагатай ажилд зарцуулахыг санууллаа. Олимпийн өмнөх жил учраас үүнд чиглэсэн ажилд яам түлхүү анхаарч ажиллана гэв.

Холбоотой мэдээ