Говь-Алтайн 10 сум “Тогтвортой амьжиргаа-3” төслөөс 189 сая төгрөгийн урамшуулал авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-02-21 23:57:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/ “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд энэ онд Говь-Алтай аймгийн Алтай, Баян-Уул, Бугат, Есөнбулаг, Тайшир, Төгрөг, Хөхморьт, Цээл, Шарга, Эрдэнэ сумд 189,4 сая төгрөгийн урамшуулал авах болзол хангажээ.

Энэхүү төслийн хүрээнд тус аймгийн Алтай, Бугат, Есөнбулаг сум 2 жил дараалан урамшуулал авах болзол хангасан бол Бигэр, Дарви, Тонхил, Халиун сумд жилийн гүйцэтгэх үнэлгээгээр нэг ч удаа болзол хангаж байгаагүй ажээ. 2017 онд есөн сум, 2018 онд дөрвөн сум урамшуулал авах болзол хангаж байжээ. 

“Тогтвортой амьжиргаа-3” төсөл нь хөдөө орон нутагт засаглалыг бэхжүүлж, иргэдийн оролцоотой тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтыг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2015 оноос Монгол Улсын Засгийн газар, “Олон улсын хөгжлийн ассоциаци” хооронд байгуулсан гэрээний дагуу “Тогтвортой амьжиргаа-3” төсөл орон нутагт хэрэгжиж эхэлжээ. Төслийн гол бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн засаглалыг дэмжих, сайжруулах зорилгоор сумдад үр дүнд суурилсан санхүүжилт болгодог урамшууллын тогтолцоог туршиж нэвтрүүлэх “Сайн засаглал-үр дүнд суурилсан урамшуулллын хөтөлбөр” ба хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 330 сумдын засаглалын түвшинд жилийн гүйцэтгэлийн үнэлгээ /ЖГҮ/ хийдэг ба үнэлгээнд үндэслэн болзол хангасан сумдад ОНХС-ийн 25 хувьтай тэмцэх хэмжээний урамшууллыг 2017 оноос жил бүр олгож эхэлсний дагуу тус аймгийн дээрх сумд урамшуулалд хамрагдаад байгаа гэнэ.

           Сумдын засаглалын түвшинг үнэлэхийн тулд үнэлгээний шалгуур үзүүлэлт нь Орон нутгийн хөгжлийн санг хэрэгжүүлэхтэй холбоотой хууль, дүрэм журмын хүрээнд сумдын засаглалыг хэд хэдэн бүлэг үзүүлэлтээр тодорхойдог ба үнэлгээний үр дүнд сумдад олгох урамшууллыг орон нутгийн төсөвт суулган хуваарилдаг ажээ. Тус аргачлалаар 3 жил дараалан үнэлгээ хийх хугацаанд сумдын үнэлгээ жил бүр сайжирч 2018 оны нийт 330 сумын дундаж үнэлгээ 50 хувьд хүрсэн бол Говь-Алтай аймгийн нийт сумдад хийсэн ЖГҮ-ний дүн 2017 онд 2016 оноос ахиж 45 хувь, 2018 онд 47.8 хувь болсон ч энэ нь улсын дундаж үнэлгээ болох 50.3 хувиас доогуур байна хэмээн “Тогтвортой амьжиргаа-3” төслийн тус аймаг дахь төлөөлөгч Ц.Ачитмаа мэдээлэв.


Холбоотой мэдээ