“Эх дэлхийн цаг” нэгдсэн арга хэмжээнд Ховд хот багтжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 12:18:38

“Эх дэлхийн цаг” буюу нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүст нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг арга хэмжээ нь хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байгаа юм.

Ховд аймгийн Ховд хот жил бүр “Эх дэлхийн цаг” арга хэмжээг ёслол төгөлдөр тэмдэглэж, энэ үеэр гэрэл цахилгааныг хэмнэж болох олон төрлийн сонирхолтой үзүүлбэр үзүүлж, шоу арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа юм.

Дэлхийн байгаль хамгаалах сан WWF–ийн Алтайн бүсийн Ховд салбар, байгаль орчны байгууллагууд нэгдэж энэхүү арга хэмжээг зохиодог ба оюутан, сурагчид, жирийн иргэд бүх нийтээр оролцох хөдөлгөөнийг уриалдаг.

Ингэснээр “Эх дэлхийн цаг” арга хэмжээнд Ховд аймаг сүүлийн 6 дахь жилдээ нэгдэн орсноор 7000 гаруй хотын 2 тэрбум гаруй хүний нэг нь болсон тухай Дэлхийн байгаль хамгаалах сан WWF –ийн Алтайн бүсийн Ховд салбар мэдэгдэж байна. 

Энэ жил эх дэлхийн цаг арга хэмжээг 2016 оны 03 сарын 19-ны өдрийн 19 цагт Ард Аюушийнхаа талбайд зохион байгуулах бэлтгэлээ хийж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ