“Аваргын гараа”-ны аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-02-28 21:07:16

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй хүүхдийн спортын 6-р их наадмын анхан шат, аймгийн аварга шалгаруулах "Аваргын гараа" өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн энэ сарын 25-26-ны өдрүүдэд аймгийн Спортын ордонд болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Увс аймгийн 15 сум, аймгийн төвийн 7 сургуулийн нийтдээ 23 багийн 230 гаруй тамирчин эрэгтэй 10 жин, эмэгтэй 10 жинд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.

Эрэгтэй 45 кг-ийн жинд улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн Я.Ерөөлт, 48 кг-ын жинд мөн сургуулийн Г.Балдорж, 51 кг-ийн жинд Өмнөговь сумын Б.Галмандах, 60 кг-ийн жинд улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн Ш.Батзул, 65 кг-ийн жинд Наранбулаг сумын Б.Болдбаатар, 70 кг-ийн жинд Ерөнхий боловсролын 6-р сургуулийн Э.Ганболд, 92 кг-ийн жинд улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн М.Гантогтох, 55 кг-ийн жинд Өлгий сумын Э.Бумбаяр, 80 кг-ийн жинд улсын тэргүүний цогцолбор 2-р сургуулийн Б.Энхманлай, 110 кг-ийн жинд мөн сургуулийн Ц.Билгүүн нар тус тус аваргаллаа.

Харин эмэгтэй 40 кг-ийн жинд Ерөнхий боловсролын 6-р сургуулийн Б.Отгонзаяа, 46 кг-ийн жинд Наранбулаг сумын Д.Цэцэгсүрэн, 53 кг-ийн жинд Өндөрхангай сумын Б.Жаргалмаа, 61 кг-ийн жинд Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн Ш.Тунгалаг, 69 кг-ийн жинд Цагаанхайрхан сумын Ц.Нямцэцэг, 43 кг-ийн жинд Наранбулаг сумын Б.Оюун-Эрдэнэ нар тус тус аваргын алтан медаль зүүсэн юм.

Багийн дүнгээр эрэгтэй 1-р байранд Ш.Бат-Очир дасгалжуулагчтай улсын тэргүүний Цогцолбор 2-р сургууль, эмэгтэй 1-р байранд С.Банзрагч дасгалжуулагчтай Наранбулаг сумын ахлах сургууль орлоо. 

Холбоотой мэдээ