Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-28 15:11:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 11 шүүгчийг аймаг, нийслэл, дүүргийн шүүгчээр томилсон юм. Мөн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 10, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 8, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 7, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд 3 хүнийг томилсон юм.

Зарлиг гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, "Төрөөс шүүхийн байгууллагын төсвийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд ихэд анхаарч, бодлого хэрэгжүүлсний дүнд Монгол Улсын төрийн албан хаагчдаас хамгийн өндөр цалинтай нь шүүгчид болсон. Гэсэн ч шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч, шүүгч, шүүхийн байгууллагын нэр хүнд үлэмж хэмжээгээр унаж байна. Нийт шүүгчдийн дотор хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн олон зуун саяын хадгаламж, үнэтэй орон сууц, машинаа худалдан авсан эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй шүүгчид ч бас байна. 2018 оны эцсээр АТГ-аас гаргасан “Шударга байдлын үнэлгээ” судалгаагаар иргэд авлига хамгийн их тархсан институцээр Шүүхийн байгууллагыг дурджээ. Ардчилсан засаглалын тулгуур гурван баганы нэг Шүүх засаглал, зөв, шударга, нээлттэй, ил тод байвал Монголын төр цэвэр байх учиртай. Та бүхэнд шүүгчийн ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөн, авлига, улс төржилт, албан тушаалтны нөлөөллөөс ангид байж, хараат бус, бие даасан байдлыг сахиж, түмний итгэлийг дааж, шүүгчийн нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлага ногдож байна” гэлээ.

Холбоотой мэдээ