Сургалтын цөм хөтөлбөрт засаж сайжруулах олон асуудал байгааг багш нар хэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-03-04 10:57:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутаг, нийслэлийн 10-аас дээш жил ажилласан туршлагатай, 70 гаруй багшаас бүрдсэн баг бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн агуулгад дүн шинжилгээ хийж байгаа юм. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар тэдний буюу цөм хөтөлбөрийн үндэсний хэлэлцүүлгийн ажилтай танилцлаа.

2014 оноос эхлэн үе шаттай шинэчилсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт засаж сайжруулах асуудлууд байгааг багш нар хэлжээ. Тухайлбал, шинэчилсэн хөтөлбөрийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлтэй уялдаагүй хэт яаравчлан бүх сургуульд хэрэгжүүлсэн, сургууль, багш, олон нийтэд хангалттай ойлголт өгөөгүй, ахлах ангид хичээл заах багш бэлтгээгүй, хот хөдөөгийн сургуулийн бодит нөхцөл байдлыг тооцоогүй учир амжилттай хэрэгжиж чадахгүй байна хэмээн шүүмжилсэн байна. Мөн сургалтын хөтөлбөрийг олон удаа, ойр ойрхон өөрчилсөн нь хичээлийн агуулга давхардаж, судлагдахууны тоог нэмэгдүүлэн сурагч, багшид ачаалал бий болгожээ. Нэгдүгээр ангийн хүүхдийн хичээлийн хөтөлбөрт тэнхлэгийн тэгш хэмийн тухай сэдэв байгаа нь зургаан настай хүүхдэд тохирох сэдэв биш бөгөөд дараа жилийн хөтөлбөрт дахин орж ирдэг хэмээн бага ангийн багш нар шүүмжилжээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар бага боловсрол, монгол хэл, математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй-технологи гэсэн чиглэлээр ажиллаж байгаа баг тус бүрт очиж саналыг нь сонсож, чиглэл өгөв. 

Холбоотой мэдээ