Шинжлэх ухааны доктор Б.Базылханы нэрэмжит монгол хэл, бичгийн олимпиад зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-05 13:35:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, монгол, түрэг судлаач эрдэмтэн Б.Базылхан агсны нэрэмжит монгол хэлний болон монгол бичгийн уншлагын олимпиадыг энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нарын дунд зохион байгуулахаар болжээ.

Баян-Өлгий аймаг нь ЭЕШ-ын монгол хэлний хичээлийн оноогоор сүүлийн арваад жил аймгуудаас хамгийн сүүлийн байрт орсон бөгөөд энэ нь аймгийн ЭЕШ-ын ерөнхий дүнд нөлөөлж байгаа аж. Иймд дээрх олимпиадыг сурагчдын монгол хэл, бичгийн боловсролыг дээшлүүлэх нэг хөшүүрэг болгох зорилгоор зохион байгуулах ба холбогдох зардлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс шийдвэрлэсэн байна.

Монгол хэлний олимпиадад 6-12, монгол бичгийн олимпиадад 7-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой. Зохион байгуулагчдын зүгээс олимпиадыг цаашид жил бүр уламжлал болгон явуулахаа илэрхийлээд байна.

 

Холбоотой мэдээ