Амиа алдсан ахлах ахлагч албан ажилд явж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-05 18:26:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах ахлагч хүнд даацын автомашинд дайруулж нас барсан хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гаржээ. Эл хэргийн талаар  ЗХЖШ-аас өнөөдөр мэдээлэв.

Хэвлэл мэдээлэл, цахим орчинд талийгаачийг удирдлагаасаа авсан тушаалаар хувийн ажил гүйцэтгэж явахдаа амь насаа алдсан тухай ташаа мэдээлэл гараад байгаа юм.

ЗХЖШ-ын Хяналт шалгалт үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн С.Өлзийтогтох, “Төлөвлөгөөт ажлаа биелүүлж явсан хоёр албан хаагчийн нэг нь осолдож, золгүй байдлаар амь насаа алдсанд гүнээ харамсаж байна. Зэвсэгт хүчний  албан хаагчдын зуны улиралд үйлчлүүлдэг “Найман шарга” амралтын газрын хэвийн үйл ажиллагааг хангахаар цахилгааны шугам татах ажлыг хоёр албан хаагч дааж авсан. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр, намагтай газарт цахилгааны шон унах эрсдэлтэй гэж үзсэн тул хөрсийг солихоор хайрга татах ажлыг эхлүүлсэн юм. Хайрга татахад нэг жолооч, нэг ахлах ахлагч томилогдон явсан. Ачааны машинд хайрга ачаад хөдөлсөн ч  өгсүүр замд машин хүч алдан зогссон байна. Машинаа урагш хөдөлгөхийн тулд ахлах ахлагч дугуйнд нь эвээс хийхээр очиход, машин хойш алдаж, осол гаржээ. Осол тухайн өдрийн 19.00 цагийн орчимд гарсан. Ослоор ахлах ахлагч, 51 настай, Я.Ганболд нас барсан. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

Холбоотой мэдээ