Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газрыг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-03-05 22:42:41

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын таван газарт шалгалт хийжээ. Эдгээрээс Харилцаа холбооны зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан тоглоомын газрыг хаалаа. 

Дээрх газрууд нь улирал тутамд хамтарсан шалгалтыг хийдэг. Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолоор батлагдсан, хүүхэд залуучуудыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журмын хэрэгжилт орон нутагт хэрхэн биелж байна, нөгөө талаар ямар төрлийн зөрчил байгааг уг шалгалтаар илрүүлдэг юм.


"Баруун-Урт суманд тогтмол үйл ажиллагаа явуулдаг дөрвөн тоглоомын газар, нэг интернэт кафе бий. Тэдний хоёр нь эзэмшигчийн хүсэлтээр түр хугацаагаар ажиллахгүй болсон байна. Ер нь цахим тоглоомын газруудад ариун цэврийн шаардлага хангахгүй бохир орчинд үйлчлэх, агааржуулалт болон гэрэлтүүлэг муу, үйлчлүүлж буй хүүхдүүдийн бүртгэлийг хангалтгүй хийдэг зэрэг нийтлэг зөрчлүүд гардаг. Бид шалгалтаар илэрсэн зөрчлийг богино хугацаанд арилгахыг үүрэг болгосон. Мөн дэлгэцэнд донтох эрсдэлтэй болсон хүүхдүүдийн бүртгэлийг гаргаж, эдгээр хүүхдэд үйлчлэхгүй байхыг анхааруулж байгаа. Аймгийн хэмжээнд тоглоомонд донтсон хүүхэд байхгүй ч анхан шатны шинж тэмдэг илэрсэн, донтох эрсдэлтэй цөөн тооны хүүхэд бий. Тэдгээрийг эмнэлгийн байгууллагатай хамтран хянаж байгаа" гэдгийг аймгийн Цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ариунтуяа хэллээ.


Цахим тоглоомын газрууд нь аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Стандарт хэмжилзүйн хэлтсийн дүгнэлтээр, Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрлөө авдаг.  Мөн үндэсний стандартыг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг байна.

 "Үндэсний стандартыг хэрэгжүүлэх ёстой ч орон нутгийн хувьд тухайн стандартруу дөхсөн ажил, үйлчилгээ эрхлэхийг шаарддаг. Яг бүрэн гүйцэд хэрэгжүүлэх ёстой гэвэл орон нутгийн хувьд хүндрэлтэй. Баруун-Урт суманд ажиллаж буй цөөн тооны цахим тоглоомын газрууд харьцангуй үндэсний стандартруу дөхсөн үйлчилгээ эрхэлдэг. Талбайн хэмжээ, ширээ сандал хоорондын зай, компьютерийн дэлгэцийн хэмжээ, хаягжуулалт, дотоод тохижилт, тогтсон цагийн хуваариар ажиллах гээд шаардсан хэмжээнд байж чаддаг" гэж аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Өлзийнжаргал ярилаа.

Холбогдох албаныхнаас гадна эцэг эхчүүд мөн цахим тоглоомын газруудад хяналт шалгалт хийх эрхтэй ч энэ нь орон нутагт хэрэгждэггүй байна. 

Холбоотой мэдээ