“Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоох тогтоол баталсан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Онцгой дэглэм тогтоосон хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол
гарахгүй бөгөөд зөвхөн санхүүгийн материалуудыг шалгах аж.
Шаардлагатай тохиолдолд шалгалтын дүнг УИХ-д танилцуулах аж. Ерөнхий сайд уг тогтоолыг
хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-т очно
гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ.
Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаас шүүгч М.Батсуурийг энэхүү мөнгө угаах системд оролцож, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар (АТГ), Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-д гомдол гаргах болсон. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхийг хувийн хэвшилд өгсөн албан тушаалтнуудыг АТГ-аар шалгуулах шийдвэр гаргалаа. АТГ болон Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) энэхүү хэргийг шалгахаар өчигдөр буюу энэ сарын 05-нд зарим хүмүүсийг саатуулсан. ТЕГ-аас “Өчигдрийн саатуулах ажиллагааны дараа төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан улс төрчид хууль, хяналтын байгууллагад дарамт учруулах оролдлого хийсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсан хэрэгтэй холбоотой нэр бүхий хүмүүс хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан” гэсэн мэдээлэл ирүүлсэн. Тэгэхээр улс төрчдийг энэ мэт үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байна. Хэрэв энэ үйлдлээ зогсоохгүй бол олон нийтэд нэрийг нь зарлах болно. Өмнө нь ЦЕГ-аас уг хэргийг шалгахаар прокурорт хандаж байсан ч жил гаруйн хугацаанд гацаасан. Өнөөдөр энэ хэргийг шалгах талаар прокурорын байгууллагад дахин хандах юм. Үүний дараа шүүхэд очно. Тэгэхээр энэ хэрэг хэн гэдэг албан тушаалтан дээр очиж гацах нь вэ гэдгийг сайн ажиглах хэрэгтэй” гэлээ.
Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай" хэмээн заажээ. Мөн тус хуулийн 2 дугаар зүйлд "Онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь Монгол Улсын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байх..." хэмээн хуульчилсан байна.
Түүнчлэн дээрх хуулийн дагуу Засгийн газар онцгой дэглэм тогтоосон байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатны удирдах ажилтныг томилох, ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөх, хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, өөрчлөх, тухайн байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах эрхтэй юм. Түүнчлэн онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу цуцлуулах эрхтэй байхаар хуульчилжээ.