Олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийг нэн даруй шалгаж, хариуцлага тооцох талаар мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-03-06 12:36:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан нам (АН)-аас олон нийтийн анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг нэн даруй шалгаж, хариуцлага тооцох талаар мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдлийг өнөөдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан,  Нарийн бичгийн дарга О.Магнай нар танилцууллаа.

Энэ үеэр АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, “АН-ын дарга асан Н.Алтанхуяг, мөн тус намын гишүүн асан Ж.Батзандан нар манай намын удирдлагуудыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 болон 51 хувьтай холбоотой асуудал, ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий компани зээл авсан хэрэг, төрийн албыг наймаалцах замаар сонгуулийн санхүүжилт босгох “60 тэрбумын хэрэг” зэргийг хаацайлж байгаа мэтээр гүтгэлэг тараалаа. Манай нам гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан, хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж буйгаа энэхүү мэдэгдлээр дахин нотолж байна. АН хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. МАН-ын удирдлагуудын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд хангалттай байгаа” гэлээ.

Мөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авах тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэл нийтэд ил болсон. Уг тэмдэглэлд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат гишүүнтэй холбоотой мэдээлэл байна билээ. Хэрвээ хууль зөрчсөн нь тогтоогдвол Д.Эрдэнэбат гишүүнд хариуцлага тооцох ёстой” хэмээв.

 

Холбоотой мэдээ