“Үндэсний бичиг үсгийн баяр”-аа дөрөвдүгээр сард тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-06 16:10:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Сайнцагаан сумын ЗДТГ, Эрдмийн далай цогцолбор сургууль, Орон нутгийг судлах музей, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан хамтран “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг 4 дүгээр сарын 26-28-ны өдөр Мандалговь хотноо зохион байгуулна.       

Үндэснийхээ өв соёл, бичиг үсгийг төгс эзэмшүүлэх, бахархлыг төрүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид, төрийн албан хаагчдын дунд уг баярыг гурав дахь жилдээ зохион байгуулах ажээ.

Баярын үйл ажиллагааны хүрээнд 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “Монгол бичгийн хичээнгүй бичгийн тэмцээн”, “Унших чадварын их сорилго”, “Монгол бичгийн чадварын их сорилго” уралдааныг тус тус зохион байгуулахаас гадна  төрийн албан хаагчдын дунд мөн монгол бичгийн чадварын их сорилго явуулахаар төлөвлөжээ.

Үндэсний босоо монгол бичгийн их сорилго, уралдаан тэмцээнээс “Шилдэг сурагч”, “Шилдэг анги хамт олон”, “Шилдэг багш”, “Шилдэг сургууль”-ийг тус тус шалгаруулна.

“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд зохион байгуулах уралдаан тэмцээнийг "Говь принт" хэвлэлийн газар, "Мандалговь хүнс" ХХК, "Номгон" рашаан ХХК ивээн тэтгэж оролцож байгаа төдийгүй Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин, "Сумын сайн малчин" Сугарын Энхтайван хувиасаа 800,000 төгрөгийн хандив өгч, энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ