Гамшгийн улмаас 200 гаруй хүн амь эрсэджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахалдаг Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан Төрийн ордонд болов. Хуралдаанаар гамшгаас хамгаалах эрх зүйн шинэчлэл, Үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Өнгөрсөн онд манай улсад 4373 удаа гамшиг, осол нүүрлэж 200 гаруй хүн амь эрсэдсэн, улсад 82 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Гамшиг, ослын 90 хувийг гал түймэр эзэлж байгаа бөгөөд дийлэнх нь хүний буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас болжээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл, хамтын ажиллагаа, иргэд, олон нийтийн оролцоо, хүчин чармайлт чухал хэмээн үзэж буйгаа Ерөнхий сайд хуралдааны үеэр онцлов. Тэрбээр, "Гамшгийг тэсвэрлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үндэсний болон орон нутгийн чадавхийг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэд байнга анхаарах, хөрөнгө оруулалтыг нэмэх, эрсдэлийг хуваалцах даатгалыг хөгжүүлэх нь чухал. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, шинжилгээнд суурилж, дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд түлхүү анхаарч ажиллах шаардлага байна" хэмээв.
Хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, бүх яам, нэр бүхий агентлаг, төрийн бус байгууллагад хандсан зөвлөмж гаргалаа.
Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд хэрэгжүүлэх, ялангуяа төв, суурин газрын иргэдэд мэдлэг, дадлага олгох, онцгой нөхцөлд ажиллах бэлтгэл, сургуулилтыг тогтмол хийх шаардлагатайг анхааруулж, бүх шатны байгууллага уялдаа холбоогоо сайжруулж, эрсдэлийг бууруулах зөв менежментэд суурилсан цогц төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэг болгосон юм.