Улсын онцгой комисс Хэнтий аймагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-09 14:29:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шадар сайд О.Энхтүвшингээр ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын баг энэ сарын  7-8-нд Хэнтий аймагт ажиллав.


Ажлын баг Жаргалтхаан, Мөрөн, Бэрх, Батноров суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.


Өнгөрсөн онд Хэнтий аймгийн 7 сумын нутагт 11 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 2315 га бэлчээр, 240 га ойн талбай шатаж, ард иргэдийн өмч хөрөнгөнд 5,3 сая, байгаль экологид 136.3 сая төгрөгийн хохирол учирсан байна.


Өвөл хур тунадас бага орсноос хавар эрт хуурайшиж нийт нутгаар ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй болсон тул Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар Сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2019 оны 12/А/51 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын 02 албан даалгаврын хүрээнд төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.


Тухайлбал, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг бүх суманд  байгуулж гамшгийн үед үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага олгох, шаардлагатай техник багаж хэрэгслээр хангах үүрэг даалгавар өгч биелэлтийг хянан ажиллаж байна.


Мөн Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх бэлтгэлийг хангуулах зорилгоор аймгийн 18 сум, 5 тосгоныг 6 бүсэд хувааж аймгийн Засаг даргын нэрэмжит “Бэлэн байдлын үзлэг”, “Аврагч-2019” тэмцээнийг гуравдугаар сард тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа.



Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын баг  ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалтаар хангах, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.


Ажлын багийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрын холбогдох мэргэжилтнүүд багтан  ажиллаж байгаа бөгөөд маргааш Дорнод, Сүхбаатар аймагт ажиллана.

Холбоотой мэдээ