Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл нуурын мөс цөмөрч гурван иргэн амь эрсэдсэн осол өнгөрсөн бямба гарагт гарсан. Тиймээс гол мөрөн, нуурын мөс хайлж, нимгэрч байгаа тул зам товчлох, аялах зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ анхаарууллаа.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Хөвсгөл нуурын мөс цөмөрч, автомашинтай иргэд усанд осолдсон тухай дуудлага энэ сарын 9-нд иржээ. Дуудлагын дагуу Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ослын голомтод ажиллаж, “УАЗ-451” загварын автомашины 38-46 насны гурван эрэгтэй хүний цогцсыг өчигдөр гаргажээ.
Тус аймгийн Онцгой комиссын ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр өчигдрөөс эхлэн зорчихыг бүрэн хориглосон байна.