МИАТ-ийн “Boeing 737 MАХ-8”-ын нислэгийг түр хугацаагаар зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-11 12:33:20
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИНЕГ-аас МИАТ авиа компанид ашиглаж байгаа "Boeing-737 МАХ-8" загварын агаарын хөлгийн нислэгийг өнөөдрөөс түр хугацаагаар зогсоов.


Тодруулбал, Этиоп Улсын иргэний агаарын тээвэрт ашиглаж байсан "Boeing-737 МАХ-8" загварын агаарын хөлөг өчигдөр осолдож, зорчигч, нисэх багийн нийт 157 хүн нас баржээ. Мөн Индонезийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max-8” нисэх онгоц одоогоос таван сарын өмнө Явын тэнгист осолдож, 189 хүн амиа алдсан бөгөөд дээрх хоёр ослын шалтгаан тодорхойгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан дээрх агаарын хөлгийг үйлдвэрлэгч "Boeing" компаниас зөвлөмж гарах хүртэл тус загварын онгоцыг манай улс ашиглахгүй байх шийдвэр гаргажээ.


Хятадын иргэний агаарын тээврийн зохицуулах газар өнөөдөр өглөө мөн л дотоодын авиа компаниуддаа "Boeing 737 MАХ-8" загварын онгоцны нислэгийг 18.00 цагаас өмнө зогсоох даалгавар өгсөн байна.


Манай улс “Boeing 737 MAX-8” загварын орчин үеийн нэг онгоцтой бөгөөд тус онгоцыг МИАТ компани өнгөрсөн сарын 1-нд "Боинг" компаниас хүлээн авсан юм. Энэхүү загвар нь 2016 оноос үйлчилгээнд гарсан, Боинг компанийн хамгийн сүүлийн үеийн онгоц юм байна.

Холбоотой мэдээ