"Саятан" галт тэрэгний дамжин өнгөрөх тоог нэмэгдүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-03-11 15:40:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европ-Азийн хооронд аялдаг “Саятны” гэгдэх галт тэрэгний Монгол Улсаар дамжин өнгөрөх тоог нэмэгдүүлэх боломжтой гэж УБТЗ нийгэмлэгээс мэдэгдэж байна.

Дээрх галт тэрэг нь Европоос гарч ОХУ-ын нутгаар дамжин Монгол болон БНХАУ хүртэл аялж, замдаа тогтсон графикаар 2-3 хоногоор саатан зогсдог, хоёр тивийг холбосон олон улсын аялал жуулчлалын томоохон маршрутын галт тэрэг юм. Аялагчид өмнө нь төв зогсоолыг эс тооцвол Монгол орныг галт тэрэгний цонхоор ихэвчлэг харж өнгөрдөг, нэг хэсэг нь ОХУ-ын хилээс болон Улаанбаатараас эргээд буцдаг байсан бол одоо уг галт тэрэг манай улсын Замын-Үүд, Цагаанхад зэрэг өртөөнүүд дээр тодорхой цагаар зогсдог болоод байна.

Ингэснээр зорчигчид говийн нар мандахыг харж, манай түүхэн дурсгалт газруудтай танилцаж, байгалийн сайхныг сонирхдог болжээ. Энэ нь манай орныг сонирхон зорих аялагч, жуулчдын тоог нэмэгдүүлнэ гэж УБТЗ нийгэмлэгээс үзэж байна. Тиймээс “Саятны” галт тэргээр зорчин Монгол орныг сонирхон зорих аялагч жуулчдын тоог нэмэгдүүлэхэд аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах шаардлага үүсэж байгаа аж. Харин уг галт тэрэгний Монголоор дамжин өнгөрөх тоог долоо хоногт 7 удаа буюу өдөр бүр явж байхаар нэмэгдүүлэх боломжтойг УБТЗ нийгэмлэгийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Н.Ганболд мэдэгдэж байна. Одоо уг галт тэрэг долоо хоногт хоёр удаа явж байгаа юм.

Б.Болд

Холбоотой мэдээ