Тавантолгойн нүүрс тээврийг Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын хороогоор хэлэлцэнэ

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2019-03-11 17:57:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын хороо болон ЗТХ-ийн сайдын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэхээр болжээ. 

Одоогоор, Тавантолгой орд газраас уртын тээвэр буюу Таван Толгойгоос Цагаан хад хүртэл, богины тээвэр буюу Цагаан хаднаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэж байна. Нүүрс тээвэрлэх 170 гаруй ААН-ийн 13 мянган автомашинд зөвшөөрөл олгожээ. Машины тоо нэмэгдсэн нь зам тээврийн осол гарах, дараалал үүсэх гэх мэт олон хүндрэл үүсгэж байгааг ЗТХ-ийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэв. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, “Тавантолгойн тээвэрлэлтийг Замын хөдөлгөөний үндэсний аюулгүй байдлын хороогоор авч хэлэлцэн цэгцлэх цаг болсон байна.

Автотээврийн үндэсний төв буюу манай гол байгууллага дээр тээврийн дугаар олгох, тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг цахим болгож программ хангамжид оруулсан учир, үүнийг нүүрс тээвэрлэлтэд нэвтрүүлэх шаардлага, хэрэгцээ байна. Тэгэхгүй бол, дараалал урагшлуулдаг, уурхай руу оруулдаг, уурхайгаас гаргадаг, бүр хил нэвтрүүлдэг жолооч гээд нэг машин дээр 7-8 хүн ажилладаг байх жишээний болжээ. Мөн номер дугаараа хоорондоо шилжүүлээд яваад байдаг болсон байна. Энэ нөхцөл байдлын улмаас хөдөлгөөний аюулгүй байдал, иргэдийн амь нас, аюулгүй байдал, өмч хөрөнгө үрэгдэж шамшигдах байдал гарч буй учир энэ бүхнийг цэгцлэх цаг нь болсон.

Тийм учраас Автотээврийн үндэсний төвийнхөн, Авто тээврийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх газрынхан дээрх нөхцөл байдалд онцгой анхаарч ажиллахаар боллоо” хэмээн мэдэгдэж байна. Тэрээр, “Тээвэрлэлтийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК зохицуулж зохион байгуулж чадахгүй учир тус компанид даатгаад орхиж болохгүй. Дотооддоо явж буй тээврийн компаниудаа хүртэл бид цэгцлэхгүй бол нүүрс тээвэрлэлтийн зам ачааллаа дийлэхгүй болж байна. Тиймээс шинээр зохицуулна” гэдгээ мэдэгдлээ

Холбоотой мэдээ