“ФОХОУ”-гийн Төлөөлөгчийг “Хүүхдийн анд” медалиар шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-12 22:35:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  “ФОХОУ” Олон Улсын эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь MNU-03 төлөөлөгчийн газрын захирал Ч. Үүрцайхыг “Хүүхдийн анд” медалиар шагнасныг аймгийн ИТХ-ын дарга,  “Хүүхдийн элч” А.Ишдорж гардуулан өглөө.

“ФОХОУ” Олон Улсын эрүүл мэндийн байгууллага нь Монголд салбараа нээснээс хойш 12 жилийн нүүр үзэж байгаа ба “Итгэл найдварын сан”-гаараа дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэнд итгэл найдварыг асаах зорилго тавин ажилладаг.

Энэ хүрээнд Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн Тусгай бүлгийн 30 хүүхдийг уг төсөлдөө хамруулж, 2018 оны 12 дугаар сарын 13-нд “Хүслийн шинэ жил”-ийг зохион байгуулсан бөгөөд Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Тусгай олимпод Монгол улсаа төлөөлөн оролцохоор явсан Т. Балданхайнямд эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлээд байна.

Цаашид тус сургуулийн Тусгай бүлгийн сурагчдад сардаа 17-18 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бөгөөд төсөл хэрэгжих 3-4 сарын хугацаанд нийтдээ 90 сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг эдгээр хүүхдэд хүргэх юм.

Холбоотой мэдээ