Монголын полимер битумын анхны үйлдвэр нээгдлээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-03-14 13:24:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын анхны полимер битумын үйлдвэр өнөөдөр нээлтээ хийж, “Аашто” ХХК дотооддоо замын хар битум үйлдвэрлэж эхэллээ.  

Тус компани нь европ стандартын дагуу манай орны газар нутгийн онцлог, цаг уурын нөхцөл, бүсүүдийн онцлогт тохируулсан, сайжруулсан шингэн битум үйлдвэрлэх технологийг эх орондоо нэвтрүүлж буйгаар онцлог аж. Монгол, Орос, Итали, Германы мэргэжилтнүүд гар бие оролцон шинжилж судалж хамтран оролцсон энэхүү үйлдвэрийн технологи нь нэмэх 40 хэмд хайлахгүй, (одоогийн замууд нь хасах 38 хэмд хагардаг байна) хасах 46-гаас нэмэх 68 хэмд тэсвэртэй, даац нь гурав дахин их гэдгээр давуу онцлогтой байна.

Энэ талаар шинэ үйлдвэрийн захирал Н.Энхтөр “Бид Монголынхоо автозамын чанарыг Европын жишигт хүргэхийг зорьж байна. Манай бүтээгдэхүүнээр тавьсан зам одоогийн хар цардмал замуудаас хоёр дахин их эдэлгээтэй юм. Нэг ёсондоо бид одоогийн замын бүтээгдэхүүнээ улам сайжруулж байна гэсэн үг. Бид бүтээгдэхүүнээ Канад, Казахстан, ОХУ-ын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд туршсан” хэмээн тэмдэглэсэн юм. Тус компани 2500 тонн битум хадгалах агуулах, битум тээвэрлэх, ачиж буулгах дэд бүцтийн ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэжээ.

Үйлдвэрийн нээлтэд, УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан оролцож, “Цаг хугацааг хэмнэж, Монголын замын чанар сайжрах шинэ технологи нэвтэрч байгаа нь Монголын замын салбарт том эргэлт, шинэ шийдлийг авчирч буй”-г тэмдэглээд шинэ бүтээн байгуулалтад гар бие оролцсон гадаад, дотоодын мэргэжилтнүүд болон үйлдвэрийн бүтээлч хамт олон, ажилчдад ажлын амжилт хүслээ.

Б.Болд

Холбоотой мэдээ