Оюутан волейболчид улсын шилдгүүдээ тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-03-15 09:48:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС болон ШУТИС-ийн спорт зааланд Монгол Улсын оюутны 2019 оны аварга шалгаруулах 2019 оны волейболын тэмцээн гуравдугаар сарын 9-14-нд болж шилдгүүдээ тодруулав.


Тэмцээнд 15 их, дээд сургуулийн эрэгтэй 17, эмэгтэй 12 багийн 350 гаруй оюутан тамирчин оролцон ур чадвараа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг МОСХ, МУИС ерөнхийлөн зохион байгуулжээ.


Тэмцээний эрэгтэй багуудаас нэгдүгээр байрт Б.Даваадаш дасгалжуулагчтай Ж.Батжаргал ахлагчтай ИЗОУИС, хоёрдугаар байрт СМ М.Бат-очир дасгалжуулагчтай СДМ Г.Төрмандах ахлагчтай ШУТИС, гуравдугаар байрт ОУХМ С.Амгаабазар дасгалжуулагчтай, О.Золбоо ахлагчтай ХААИС тус тус шалгарлаа.


Харин эмэгтэй багуудаас нэгдүгээр байрт ОУХМ Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Б.Цолмон ахлагчтай МУИС, хоёрдугаар байрт спортын мастер Б.Долгормаа дасгалжуулагчтай, Э.Бадамцэцэг ахлагчтай ХААИС-ийн баг, гуравдугар байрт ОУХМ Л.Нарантуяа дасгалжуулагчтай, Б.Хишигсүрэн ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид тус тус шалгарч алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.


Нэгдсэн дүнгээр тэргүүн байрт ХААИС, хоёрдугаар байрт, ИЗОУИС-ийн баг тамирчид шалгарлаа. Тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчоор ИЗОУИС-ийн тамирчин  Б.Батсуурь, шилдэг эмэгтэй тоглогчоор МУИС-ийн тамирчин Б.Цолмон, шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар ИЗОУИС-ийн багш Б.Даваадаш, шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар МУИС-ийн багш, ОУХМ Э.Эрдэнэбилэг нар шалгарч цом гардав.

Холбоотой мэдээ