АНУ пуужин устгах гэрээгээр хориглосон пуужингууд үйлдвэрлэж эхэлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-03-15 14:10:12

ВАШИНГТОН. /TASS/. АНУ Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах гэрээгээр хориглосон цөмийн бус пуужингууд турших зорилгоор бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Энэ тухай тус улсын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч, дэслэгч хурандаа Мишель Балданза мэдэгджээ. 


Тэрбээр Пентагон энэ онд пуужин устгах гэрээгээр хориглосон хоёр ангиллын пуужингууд туршихаар төлөвлөж байна гэх мэдээлэл гарсантай холбогдуулан ийм тайлбар өгсөн байна. Пуужингийн бүрдэл хэсгүүдийг үйлдвэрлэх хөрөнгө мөнгийг 2019 оны санхүүгийн жилд Конгрессоос хуваарилсан төсвөөс гаргах аж. 


"Пуужин устгах гэрээгээр хориглосон пуужингуудыг үйлдвэрлэх АНУ-ын хөтөлбөрийг цуцлах боломжтой бөгөөд хэрэв гэрээг хэвээр үлдээсэн тохиолдолд зогсоож болно" гэж Балданза онцлон дурджээ.


Гэрээгээр хориглосон пуужингуудыг хэдийд турших талаар АНУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэл өгөөгүй байна. “Пуужингийн загваруудыг үйлдвэрлэх явцад харгалзан үзэх олон хүчин зүйл бий болж магадгүй. Энэ шалтгаанаар би туршилт явуулах хугацааг хэлэхгүй” хэмээн Балданза хэлсэн байна.


Холбоотой мэдээ