Д.Отгонжаргал: Залилангийн гэмт хэрэг 79.3 хувиар өссөн

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-15 17:21:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба өнгөрсөн жил хийсэн ажил болон гэмт хэргийн тоон үзүүлэлтийн талаар танилцуулав. Ноднин залилангийн гэмт хэрэг хамгийн их буюу 79.3 хувиар өссөн байна.



Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, "Мөрдөн байцаах алба ноднин 23 597 гомдол шалгасан. Тэдгээрийн 15 443-д хэрэг үүсгэсэн бол, 7 810 гомдлыг хаах саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Нийт гэмт хэргийг хуулийн хугацаанд шалгасан байдал 99.8 хувьтай. 20 722 хэрэг үүсгэснээс 9 448 хэрэгт эрүү үүсгэсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал, 3 877 буюу 56.5 хувиар өсжээ.

Энэ оны эхний хоёр сарын байдлаар, гэмт хэргийн шинжтэй 4 069 мэдээлэл шалгаснаас, 3 783 буюу 93 хувийг шийдвэрлэв. 

Залилангийн хэрэг хамгийн их буюу 79.3 хувиар, бусад төрлийн гэмт хэрэг 8-10 хувиар өсжээ. Орон нутгийн мөрдөгч  сард дунджаар 35-40 хэрэг, нийслэлийн нэг мөрдөгч 70-75 хэрэг мөрдөж байна.


Илрэлгүй олон жил болсон гэмт хэргийг өнгөрсөн онд илрүүлсэн. Тодруулбал, тус албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 1998 оны 12 сарын 24-нд Баянгол дүүрэгт иргэн Б-г 49 удаа хутгалж, хөнөөсөн иргэнийг илрүүлжээ. Мөн, ховор амьтдыг хууль бусаар агнасан гэмт этгээдийг илрүүлэн, шалгаж байна" хэмээв.


Тэрбээр, "Гарал үүсэл нь тодорхойгүй гар утсыг гар дээрээс худалдаж авахгүй байх"-ыг сануулаад, өнгөрсөн оноос ашиглалтад оруулсан https://smartdevice.mn/ сайтын талаар танилцууллаа. Уг сайтад өөрийн гар утасныхаа "IMEI" кодыг хийж сануулснаар, хулгайд алдсан үед нь цагдаагийн байгууллага олж тогтооход хялбар болох юм байна. Тиймээс тус сайтаар нэвтэрч өөрийн гар утсаа бүртгүүлэхийг сануулав.


Жи-Тайм сүлжээнд хохирсон 17 434 иргэн байна. Казахстан, Монгол Улсын хоёр иргэн эл хэрэгт холбогдсон ч мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлжээ. Энэхүү хэргээр 6.9 тэрбум төгрөг, 400 орчим сая төгрөгийн автомашин, 3 тэрбумын үнэтэй барааг битүүмжилжээ. 11 мянга гаруй хохирогчоос мэдүүлэг авахад, 26 орчим тэрбум төгрөгийн хохирол гарч ирсэн ч гэмт этгээдүүд оргон зайлсан учир дараагийн шатны арга хэмжээ авч болохгүй байгаа юм байна. 


БОАЖЯ, ЦЕГ хамтран Монгол Улсын хэмжээнд сүйтгэгдсэн газрыг ноднин тоолоход, 27 400 мянган хавтгай дөрвөлжин талбай ашигт малтмал олборлосноос болж, сүйдсэн байжээ. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс дээрх талбайг нөхөн сэргээхийг холбогдох уул уурхайн компанид шаардлага хүргүүлж, холбогдох арга хэмжээг авчээ.

Гэрэл зургийг: Н.Батбаяр

Холбоотой мэдээ