Аймаг, орон нутагт гадаад бодлого хэрэгжүүлэх боломж бий болгоно

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-03-15 18:45:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулав.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд анх баталснаас хойш орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах, орон нутгийн өмчийн харилцааг шинэ шатанд гаргах, ИТХ-ыг байнгын ажиллагаатай болгох чиглэлээр шинэчлэл хийсээр ирсэн. Гэвч төвлөрлийг сааруулах бодлого алдагдаж, удирдлагын босоо тогтолцоонд эргэн шилжих, эрх мэдлийг төвлөрүүлэх үйл явц хүчтэй илрэх чиг хандлагатай болж байгааг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан онцлов.




Тэрбээр, “УИХ-аас 2019 оны нэгдүгээр сард “Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулганыг зохион байгуулж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх зөвлөмж гаргасан. Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран дээрх хуулийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэстэй судалж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, үзэл баримтлалыг боловсрууллаа. Хуулийн төсөл засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндсийг шинээр томьёолох, шат шатны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийг зааглах замаар нутгийн өөрийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулахад чиглэж байна” гэлээ.

Дээрх хуульд, 2006 оноос хойш 19 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хуулийн анхны үзэл баримтлалыг алдагдуулж, тогтворгүй болгож байгааг өмгөөллийн “Эм Ди Эс Хаан Лекс” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн Ж.Майзориг онцолсон юм. Тус нийгэмлэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад хамтран ажилласан байна.

Тэрбээр хуулийн төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулахдаа, “Барилга угсралттай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай өмчийн зардлын 70 хувийг улсын төсөв, 30 хувийг тухайн шатны засаг захиргаа санхүүжүүлэхээр тусгалаа. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой урсгал зардлын 95 хувийг улсын төсөв, үлдэх 5 хувийг тухайн шатны засаг захиргаа гаргах юм. Мөн хуульд тухайлан заагаагүй боловч орон нутаг гадаад харилцаа, батлан хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийн бус асуудлаар бие даан шийдвэр гаргах, гадаад улстай бие даан харилцах, гадаад бодлого хэрэгжүүлэх боломжийг бий болгоно” гэлээ.




Хэлэлцүүлэгт оролцогчид нутгийн удирдлагын чиг үүргийг тодорхой болгох, орон нутгийн төсөв, санхүүгийн асуудалд анхаарал хандуулах, боловсон хүчний босоо тогтолцоог өөрчлөх талаар саналаа илэрхийлж байлаа. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар ИТХ-ын тэргүүлэгчдийн эрх мэдлийг тэлж, гүйцэтгэх эрх мэдлийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан нь аймаг, нийслэлийн Засаг даргатай эрх мэдлийн хувьд сөргөлдөх үүдийг нээсэн” хэмээж байв.

Холбоотой мэдээ