Монгол хүүхдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
dusem11@yahoo.com
2019-03-18 10:06:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим орчинд ар араасаа хөврөх олон асуудал нь Монгол Улсын ирээдүй болсон залуу үеийг цахим сүлжээний халдлагаас хамгаалах зайлшгүй шаардлага тулж ирснийг анхааруулсаар байнаӨнөөгийн байдлаар, монгол хүүхдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байгаа нь хөгжингүй орнуудынхаас ч их тоо юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ-/ аас өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээний нөхцөл байдлыг тодруулахаар, 2018 оны IY улиралд анх удаа үндэсний хэмжээний томоохон судалгаа явуулжээ. “Өсвөр үе ба цахим хэрэглээ” хэмээх уг судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд,  378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтныг хамруулсан байна. 

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бол, орон нутгийн сурагчдын 76 хувь нь интернэт мэдэхгүй гэсний дийлэнх нь 11-12 насныхан байжээ. Тэднээс өдөрт дунджаар хэдэн цаг интернэт хэрэглэж байгааг тандахад 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулжээ.


Хүн төрөлхтний сүүлийн 30 гаруй жилийн амьдралд гарч буй өөрчлөлт бол цахим орчин. Датаком ХХК нь 1994 оноос Монгол Улсад имэйлийн үйлчилгээ, сүлжээний холболт эхлүүлж, улмаар 1996 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс Монгол Улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон. Тухайн үед 1500 гаруй интернэт хэрэглэгч бүртгэлтэй байсан бол, одоо Монгол Улсын хүн амын 80 гаруй хувь нь интернэт ашиглаж байна. Нийт интернэт хэрэглэгчийн 80 хувь нь хөдөлгөөнт интернэт сүлжээ буюу гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс холбогддог. Интернэт хэрэглэгчийн 96 хувь нь фэйсбүүк ашиглаж байна. Сүүлийн 3 жилд фэйсбүүкийг хүүхдүүд их ашиглах болсон гэх судалгаа байгаа юм

Харин сүүлийн үед интернэт болон цахим орчинд хүүхдүүд насандаа тохирохгүй, зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг олж үзэж буй нь хамгийн том асуудал юм. Энэ нь садар самуун, хүчирхийлэл бүхий контентыг хүлээж авах, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох эрсдэлд хүргэх аюултай юм. Өсвөр насны хүүхдүүдийн дунд цахим халдлага, донтолтод өртөх болсон гэмт үйлдлүүд ч үүнийг нотолж байна.


ГБХЗХГ-ын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, цахим хэрэглээтэй холбоотой судалгаа хийх болсон талаараа хэлэхдээ: “Хүүхдүүд сүүлийн жилүүдэд цахим хэрэглээтэй холбоотой гэмт хэргийн хохирогч болох эрсдэл эрс нэмэгдсэн. Бид долоо хоногийн 24 цагаар хүүхдийн эрх, зөрчилтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгдөг хүүхдийн тусламжийн 108 утас ажиллуулаад багагүй хугацаа өнгөрч байна. 108 утасны “Цахим дарамт” төрөлд ирсэн дуудлага 2016-2017 онд эрс ихэссэн. Тухайлбал, 2015 онд 58 байсан бол 2017 онд 237, 2018 онд 129 дуудлага ирсэн. Тэдгээрийг агуулгаар нь авч үзвэл “Хүчирхийлэл үйлдэж буй болон садар самуун байдлыг сурталчилсан зураг бичлэг фэйсбүүк хуудсанд байршуулсан”, “Хуурамч хаяг нээж хүүхдийн мэдээллийг зөвшөөрөлгүй оруулж доромжилсон”, “Хүүхдийн нүцгэн зургийг үнэ тохирч, эсвэл зөвшөөрөлгүй, бүр сүрдүүлэх зэргээр авч фэйсбүүк хуудсаар зарсан болон, хүүхдийн нэр төрд халдаж, сүрдүүлэхийг оролдсон” гэсэн дуудлага ихэссэн. Үүний шалтгаан нөхцөлийг тодруулах зорилгоор өсвөр насны хүүхдийн цахим хэрэглээг судлан тогтоосон. Ингээд аймаг бүрээс нэг сургууль, Улаанбаатар хотын дүүрэг бүрээс хоёр сургуулийг сонгон багш, эцэг эх, хүүхдийг хамруулсан судалгаа хийлээ” хэмээн онцолсон юм.

Мөн тэрбээр, "Харамсалтай олон жишээ байна. Нэгэн өсвөр насны охинд 20 мянган төгрөг өгнө гэж амлаж биеийн нь тодорхой хэсгийг нүцгэлэн зураг авч, түүгээрээ дамжуулж бэлгийн харилцаанд орохыг шаардаж дарамталсан тохиолдол бий. Мөн сурагч охидын зургийг элдвээр зохиомжлон зүй бус үг, хэллэгээр доромжлох, дарамтлах тохиолдол ч гарсан. Манайд ирж буй дуудлага мэдээллийн 80 орчим хувь нь сошиалд дарамт учирсан гэх гомдол эзэлдэг. Ялангуяа фэйсбүүктэй холбоотой. Фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн нас 13 буюу түүнээс дээш байдаг. Судалгаанд хамрагдсан 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, зургаан хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэсэн бөгөөд тэд сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмдэг нь тодорхой юм” гэлээ.

ГБХЗХГ-аас 2018 оны тавдугаар сард ШӨХТГ-тай хамтран бас нэгэн судалгаа явуулахад, гэрийн орчинд интернэт үйлчилгээ үзүүлдэг компаниуд Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан цахим хэрэглээтэй  холбоотой зохицуулалтыг огт  биелүүлдэггүй. Тус компаниуд айл өрхөд интернэт үйлчилгээ үзүүлэхдээ хэрэглэгчээс, тухайн айлд 18 хүртэлх насны хүүхэд байгаа эсэхийг  асуух ёстой. Хэрэв байгаа бол бага насны хүүхдэд тохиромжгүй контентыг хаалгах, шүүлгэдэг программ хангамжийг суурилуулах үүрэгтэй. Харин үүнийг судлахад 13-аас доош насны хүүхэд өөрийн гэсэн хаяг үүсгэх боломжгүй гэдгийг мэддэг хүн ховор байсан. Эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд ороход нь фэйсбүүк хаяг нээж өгдөг тохиолдол ч байна.



Иймд хүүхэд нас, бие сэтгэхүйдээ тохирохгүй мэдээллийг олж авах боломж манайд нээлттэй байгааг цаг алдалгүй тодорхой бодлогоор хязгаарлах ёстой юм. Уг ажилд гар утасны операторын оролцоо ч чухал. “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгаанд оролцогчдын гурван хүүхэд тутмын нэг нь бусдын нэр дээрх гар утасны дугаараар дата үйлчилгээг утасны операторуудаас авдаг. Иймд гар утасны оператор компаниуд хүүхдэд дугаар олгохдоо регистрийн дугаараар нь бүртгэж, тэдэнд үл тохирох мэдээллийг хязгаарлах техникийн боломж байгаа бөгөөд харилцааг зохицуулсан хууль гаргах нь зүйтэй.

Интернэт, сошиал орчинг зөв зохистой хэрэглэх арга замыг хүүхдүүдэд зааж өгөх нь маш чухал. Мөн томчууд хяналт тавьж, үр хүүхэддээ анхаарал халамжаа дээшлүүлэх ёстой.

Судалгаанаас дүгнэхэд, интернэт хэрэглээг хүүхдүүд бие даан эсвэл найз нөхдөөсөө сурсан байна. Харин хүүхдийнхээ цахим орчинд хяналт тавих ёстой эцэг, эхчүүдийн цахим орчноос мэдлэг мэдээлэл хүлээн авах чадвар хангалтгүй байгаа нь сөргөөр нөлөөлж байна. Иймд эцэг, эхчүүд өөрсдийгөө мэдлэгжүүлж, чадавхижуулах шаардлага ч байгаа юм. Хүүхдэд тохиолдох нийгмийн сүлжээнд агуулгын эрсдэл, харилцааны эрсдэл, үйлдлийн эрсдэл гарч байгааг ч судалгаа нотолж байна.

Иймд ГБХЗХГ-аас хүүхдээ цахим орчинд цахим хүчирхийлэлд өртөх, гутаан доромжлуулах, гадуурхагдах, мөн цахим орчны зохисгүй хэрэглээ зэрэгт хяналт тавьж, анхаарал халамжаа нэмэгдүүлэх хэрэгтэйг сурталчлан таниулсаар байгаа аж. ГБХЗХГ нь 21 аймаг, есөн дүүрэгт салбартай бөгөөд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажилладаг байна. Цахим халдлагатай холбоотой гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандан шийдвэрлүүлж, мөн сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг байна. Тухайн хүүхдэд сэтгэл засал хийх шаардлагатай бол мэргэжлийн байгууллагад хандах үйлчилгээг үзүүлдэг бөгөөд үүнийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ гэж нэрлэдэг байна.

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн Нэгдүгээр бүлгийн 4.1.5. “Хүүхдийг нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон мэдээ, мэдээллээр хангах” гэсэн байдаг. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлд: Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаар юу гэж заасан болохыг Иргэн та анзаарч нэг хараарай.

Тус хуулийн 8.1. Эцэг, эх, асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш, сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үүрэг хүлээсэн төрийн байгууллага, хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаална.


8.2.Харилцаа холбооны зохицуулах хороо, цагдаагийн төв байгууллага хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхүйц тоглоом, мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах талаар зөвлөмж, зааварчилгааг олон нийтэд тогтмол мэдээлж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.


8.3.Хүүхдэд зориулсан мэдээ, мэдээлэл нь хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзсэн иргэн, хүүхэд, түүний хууль ёсны төлөөлөгч, хүүхдийн эрхийн ажилтан энэ тухай гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлнэ.


8.4.Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


8.5.Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8.4-т заасан үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу хариуцна.


8.6.Интернэтийн орчинд эрх эзэмшиж байгаа иргэн, хуулийн этгээд хүүхдэд зориулсан тусгай багцын үйлчилгээтэй байх бөгөөд үйлчилгээний гэрээ байгуулахдаа тухайн этгээдийн асран хамгаалалд 18 нас хүрээгүй хүүхэд байгаа эсэхийг заавал асууж, насанд хүрэгчдэд зориулсан тусгай сувгийн үйлчилгээг хэрэглэх эсэхийг тохиролцоно. Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Энэхүү тов тодорхой хууль харамсалтай нь манай улсад бодит амьдрал дээр бүрэн төгс хэрэгжихгүй л байна.

Дашрамд дуулгахад, Монгол Улс Хүүхдийн эсрэг хүчирхийллийг эцэслэх дэлхийн түншлэлд нэгдсэн бөгөөд түншлэлийн хүрээнд 2019 онд хүүхэд хамгааллын INSPIRE багцыг нэвтрүүлэх, цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг “WE PROTECT” загварын дагуу эрчимжүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Холбоотой мэдээ